Наадам болоход сэтгэл сэргээд сайхан байдаг ч хэцүү санагддаг 2 зүйлийн нэг нь буруу өнгөтэй далбаа, нөгөө нь Монгол цэргийн сүр хүчийг илэрхий дараад зогсохгүй, алиа салбадай мэт харагдуулдаг энэ хувцас билээ. Ямар сайн ерөнхийлөгч нь энэ инээдмийн хувцсыг сольж, сүр жавхлант монгол цэргийг утгаар нь харуулах юм бол доо. Далбааны зөв өнгө ЦЭНХЭР юм шүү. НҮБ-н шилтгээнд заларсан тэр далбааны цайвар цэнхэр өнгө байх ёстой. Манайхан соёмбоо билэгдээд тоохгүй байх шиг байдаг. Би ч тэгдэг байсан. Гэтэл 2000 оны эхээр ISO 639, ISO-3166 орчуулж байгаад Монгол хэл дэмжигдлээ гээд далбаагаа илгээ гэхэд би өдгөө түгээмэл хэрэглэгддэг хөх улаан өнгө бүхий далбааг илгээтэл DEBIAN линүксийнхэн буруу далбаа илгээсэн байна гэсэн хэрэгт унагаж билээ. Түүгээр зогсохгүй та санаатайгаар ингээгүй биз? Та яг жинхэнэ Монгол хүн мөн үү? Та Монголд амьдардаг уу? Далбаагаа мэдэхгүй хүн гэж байх ёсгүй дээ гэх мэт нэлээд э-мэйл ирж, асуудал үүсэж байлаа. Бусад улс орнууд өнгийг голчлон билэгддэг бөгөөд зүгээр л 1,2,3 өнгийн босоо хэвтээ хэрчим ч олон байдгийг бид мэддэг. Тиймээс өнгө маш чухал асуудал, далбааны зөв өнгө хэрэглэхгүй бол санаатайгаар улс орныг доромжилсон хэрэгт ч унаж мэдэхээр том асуудал юм гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн тул онцгойлон анхааруулж бичлээ. Энэ тэнд өргөн тархсан зураг, мөн монгол далбааны зөв өнгө гэж тараагаад байгаа өнгөний код ч, википедиа дээр байгаа далбаа ч буруу өнгөтэй харагддаг шүү. Тэр бүү хэл төрийн ордон дээр намирч байгаа далбаа ч заримдаа зөв заримдаа буруу өнгөтэй болсон харагддаг!
Төрийн сүлд, далбаагаа дээдлэн хотол түмнээрээ сайхан наадаарай!


0 Comments

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *