2018 оны 4 сарын 2-5 хооронд 3 өдрийн турш юникодын техникийн хорооны зөвлөл 27 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж монгол бичгийн кодчиллын хуучин загвар буюу авианы загвараас татгалзаж, шинэ загвар буюу графетик загварыг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ.
Уулзалтын эхний өдөр графетик загварыг сайжруулах, эрэмбэлэх арга замын талаар ярилцаж, тус загвар дээр хийсэн судалгаа, шинжилгээг Лианг Хай, Шэн Илэй нар танилцууллаа. Харин эрэмбэлэх үзүүлбэр нь хойшлогдож дараагийн өдөр үзүүлэхээр болов. Бидний зүгээс графетик загварыг хэчнээн шүүмжилж, асуудлыг нь сөргүүлж тавьж байсан ч эхний өдрийн хуралдааныг дуусан дуустал тус загварыг илүүд үзлээ. Тиймээс бид эхний өдрийн хуралдааныг удаан үргэлжлүүлэхийг хүссэнгүй, Лианг Жин Бао-ийн илтгэл дуусангуут хуралдааны танхимыг орхин гарав.

Уулзалтын дараагийн өдөр манай илтгэлээр эхлэх байсан боловч эхний өдөр үзүүлж чадаагүй гэсэн шалтгаанаар Шэн Илэй графетик загвараар хэрхэн эрэмбэлэх үзүүлбэрийг гүйцэтгэв. G2P хэмээн нэрлэсэн тус арга нь графетик тэмдэгтүүдийг фонетик үсгүүд рүү хувиргасны дараа эрэмбэлэх үндсэн зарчимтай байв. Авиаг дүрсэд хураасан тул эвхмэл эрэмбэлэх арга зам хэмээн тодорхойлжээ. Гэвч G2P нь детерминистик биш тул магадлалын аргаар хувиргахаас өөр боломжгүй юм. Тиймээс алдаа гарах нь ойлгомжтой байлаа. Үгийн санд буй жагсаалт дотроос сонгосон үгийн хувьд эрэмбэлж үзүүлсэн бөгөөд ~2,85% хазайлттай байгаа нь ялимгүй мэт боловч тус санд байхгүй үгийн хувьд хүлээн авах аргагүй өндөр болно гэдгийг бидний зүгээс илэрхийлж, санд байхгүй үгсээр эрэмбэлж үзүүлэх хүсэлт гаргасан ч эс үзүүлэв.
Үүний дараа С.Бадрал “Графетик загварын шинжилгээ ба одоогийн загварын сайжруулалт” гэсэн сэдвээр илтгэв. Илтгэл үндсэн 3 хэсэгтэй байсан ба эхний бүлэгт монгол бичиг анхнаасаа ямар загвартай байсан, яагаад зарим үсэг хоёрдмол харагдацтай байсан бэ гэсэн судалгаа байв. Данзандагвын “Чойжи-Одсэрийн зүрхэн тольтын тайлбар” сударт үндэслэн монгол бичиг бол анхнаасаа авиа зүйд суурилж зохиогдсон болохыг батлан үзүүлэв.
Хоёрдугаар хэсэг нь графетик загварын задлан шинжилгээ байсан бөгөөд тус загвар нь цэвэр график загвар буюу хорголжин барын цэвэр дүрсийн загвараас дор болохыг тогтоосон болно. Мөн сургалтын зорилгоор үсгийг мах бодод хуваан нэрлэдэг байсан зэргийг гарган ирж үсэгтэй хольж хутгах нь буруу болохыг үзүүлэв.
Гуравдугаар бүлэгт одоо байгаа авиа зүйн кодчиллыг сайжруулах арга замууд байсан бөгөөд мажор болон минор өөрчлөлтөөр хэрхэн сайжруулах тухай илтгэв. Мажор буюу томоохон өөрчлөлт хийх нь хүндрэлтэй тул минор өөрчлөлт хийж засах аргыг хурлын бүрэлдэхүүн илүүд үзэв. Тус илтгэл эцэст нь одоо байгаа авиа зүйн загварыг хаяж болохгүй гэсэн дүгнэлтэд хүргэсэн юм.
Мөн өвөр монголоос оролцогч Журамт, Мөнхзаяа нар авиа зүйн загвар дээр гарч байгаа асуудлуудын талаар илтгэв.

Юникодын техникийн хорооны зүгээс оройн зоог барьж амттай хоол, дарсаар дайлав. Сан Хосе дахь Il Fornaio рестораны тухайн өдрийн цэсийн гарчиг ихээр таалагдав. Албан бус иймэрхүү арга хэмжээн дээр илүү нарийн мэдээлэл солилцож, илүү сайхан яриа өрнөдөг билээ. Энэ өдөр Жамъян бид хоёр Facebook/Whatsup-г төлөөлж ирсэн П. Роозбехтэй сайн хуучиллаа.

Уулзалтын сүүлийн өдөр фонт болон рендер хөгжүүлэгчдийн асуудал, хэлэлцсэн 2 загварын дүгнэлт, дараагийн алхам арга хэмжээг төлөвлөх зэргийг хэлэлцсэн билээ.
SIL интернейшнлийн Шарон Коррелл Graphite фонтын технологийн талаар илтгэсэн нь тус өдрийн хамгийн сонирхолтой илтгэл байлаа. Болорсофт ХХК хамтран ажиллаж Mongolianscript фонтыг тус технологиор бүтээхээр болов.
Болорсофтын зүгээс графетик загварыг бүрэн үгүйсгэж зөвхөн авиа зүйн загвараа барих саналыг гаргасан бол өвөр монголын ихэнх төлөөлөгчид хоёр загварыг хосоор нь явуулах саналыг тавив.
Энэ өдөр юникодын техникийн хорооны тэргүүлэгчид дүгнэлтээ танилцуулж өнөөгийн авиа зүйн загварыг хаяхгүй, харин ч түүнийг сайжруулахад илүү давуу эрхтэй анхаарах нь зүйтэй бөгөөд графетик загварын судалгаа хөгжүүллийг ч цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хурлын дүгнэлтийн эхийг Mongolian Working Group Meeting 2 Report болон Summary of suggestions and proposals for improvements хаягаас үзэх боломжтой.
Өвөр монголын төлөөлөгчид дараагийн хурлыг Хөх хотод, харин монголын төлөөлөгчид дараагийн хурлыг Улаанбаатарт зохион байгуулах хүсэлтийг гаргасан бөгөөд юникодын удирдлагууд эцсийн шийдийг тусгайлан гаргахаар тогтов.

Цаашид бид авиа зүйн загвараа улам сайжруулж, хялбаршуулж, фонт болон оруулах механизмуудыг зохиож, түүгээрээ илүү агуулга үүсгэх нь нэн чухал байна. Авиа зүйн загвараар асуудлыг бүрэн дүүрэн шийдэж буйг харуулж, хөдлөшгүйгээр батлах хүртэл графетик загварыг тавихгүй хөгжүүлсээр байх нь ээ.

Сан Хосе, 2018.04.06


1 Comment

Dok · 2018/04/21 at 14:19

Ийм их судалгаа хийж, түүнийхээ хойноос хөөцөлдөж, дэлхийн түвшинд албан ёсоор Монголыг төлөөлөн байр сууриа бат нот илэрхийлж байгаад тань бүгдийн өмнөөс талархаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *