Badral's personal blog

Интернет миний ертөнцийг хардаг цонх …

Archive for the ‘Ерөнхий’ Category

What is “the Question”?

Friday, November 25th, 2011

За залуустаа хандаад ойрд нэлээн цухалдуулаад байгаа нэгэн зүйлийн талаар бичье гэж бодлоо. Энэ бол асуулт ба хариулт!
Асуултад яаж хариулах вэ? Зарим хүмүүсээс асуулт асуухаар өөдөөс маш сонин хариултыг их өгцгөөх юм.
Жишээлбэл би хамгийн сүүлд нэгэн ажилд орох гэсэн хүнтэй ярилцсан хэсгээс:
Миний асуулт: Та PHP хэл мэдэх үү?
Хариулт: Аахн, жава, ASP мэднэ. Ер нь төстэй биз дээ. Болно.
Хүлээж байсан: Тийм/Үгүй/Бага зэрэг (гадарлана).
За тэгээд хариулт “Тийм/Бага зэрэг (гадарлана)” бол цааш нь PHP дээр яаж объект хандалт хийдэг, цаашлаад модуль бичих талаар ярилцах байв. Үгүй бол “Та Бэйсик хэл мэдэх үү?” гээд цааш ярилцах байв.
Ямар ч асуултад төвшин гэж байдаг! Би өөрөө янз бүрийн ном нэг их уншдаггүй болохоор сайн мэдэхгүй юм. Хаа нэгтэй хэн нэг нь бодвол бичсэн байдаг л биз. Ямар ч гэсэн миний дэвшүүлж буй аксеом юм. Түүнийг асуулт бүр дээр бодож байх хэрэгтэй. Тэр төвшинг нь олох нь асуултын 50%. За тэгээд төвшинг нь тогтоож чадахгүй бол уучлаарай гээд эргүүлээд төвшинг нь асуух хэрэгтэй. Түүнээс биш асуултыг асуултаар хариулах бас арай биш шүү!
Тэгж байж л ярилцлага, хэлэлцүүлэг утгатай болж үр дүнд хүрнэ.
За тийм ч их цаг байхгүй тул асуудлыг жижигсгээд нэг ерөнхий хялбар асуултаар жишээ авъя.
Асуулт: “Талх яаж хийдэг вэ?” гэсэн асуулт байлаа гэж бодъе.
Хариулт: Талх хийхийн тулд гурил хэрэгтэй, хөрөнгө хэрэгтэй, сав хэрэгтэй … (оновчгүй буудалт)
Хариулт: Будааг тээрэмдэж гурил хийнэ, хөрөнгийг харин … (Зогс! Доод төвшин! асуулт нь гурил, хөрөнгө, сав яаж хийх тухай биш.)
Хариулт: Талхны үйлдвэрт. (Дээд төвшин! Талх хаана хийдэг талаар асуугаагүй.)
Хариулт: Талхчин хийдэг. (Дээд төвшин! Талх хэн хийдэг тухай асуугаагүй.)
Аль аль нь талхтай буюу сэдэвтэй холбоотой ч бүгд зөв биш! Алдаа нь голдуу буруу төвшин!
Хүлээсэн зөв хариулт: Исгэгчийг гурилд хийж бүлээн усаар зуураад, шарах зууханд 30 мин жигнэх.
Хүлээгээгүй зөв хариулт: Мэдэхгүй.
Хүний оюун уудам гэдэг тул хүлээгээгүй зөв хариулт хэд ч байж болох юм.
За тэгээд компанийнхаа нэгэн ажилтнаас дараах асуултыг:
Энэ төслийн (Програм хангамжийн төсөл) удирдлагыг хийхэд та ямар ямар үйл ажиллагаа явуулъя гэж бодож байна? Хамгийн чухал 3-г л нэрлэчих.
Хариулт нь асуултын төвшин тээр доор цаг хугацааг ягштал барьж энээ тэрээ гээд л баахан онол яриад л явчихав.
Уг нь бол: Батыг очиж үглэж хажууд нь хамт сууж байгаад загварыг 2 хоногт гаргуулж авах, Доржийг сахиж сууж байгаад кодыг 2 хоногт бичүүлж авах гэх мэт хариулт хүлээж байв.
Мөн цахим өртөө сүлжээний шуудангийн жагсаалтаар Цагаан толгойгоос щ гэсэн нэгэн үсэг хасах тухай хэлэлцэгдэв. Хариулт арзайсан олон төвшний жинхэнэ бантан. Эцэстээ ямар ч шийдэлд хүрэхгүй дуусах нь тодорхой санагдав.
Уг нь бол:
Тийм. Хассан нь дээр. Яагаад гэвэл үнэхээр хэрэггүй үсэг байна бас ийм ийм юманд гай болж байна. Ирээдүйд ч хэрэггүй. Цэг!
Үгүй: Хасаж болохгүй. Ийм ийм хүндрэл байна. Ийм ийм үүрэг байна. Цэг!
Тэрийг нь ургуулан ургуулан бодтол манай УИХ ч бас нэг их дээрдээд байхгүй санагдах… За хадуурах нь.
Ямар ч гэсэн монгол залуус минь асуултын төвшинг нь тогтоож байгаад бодитоор хариулж сурах, мэддэг бол хичээх хэрэгтэй юм уу даа. Долоо хэмжиж нэг огтол гэдэг үг ч байна. 2 бодож нэг дуугар гэж буулгаж болох юм уу. Монголчууд бид нэг л их хийсвэр сэтгэхүйтэй мундаг хүмүүс шиг байгаа юм. Гэтэл амьдрал бодит зүйлсээр дүүрэн байна шүү дээ…
Бид системтэй мэдлэг бол маш чухал гээд л баахан ярьдаг. Сайн системтэй мэдлэгтэй болох хэрэгтэй шүү гээд л тунхаглаад л байдаг. Гэтэл тэр нь яг юу болох яаж тийм болохыг мэддэггүй. Ямар ч гэсэн манай дунд сургууль, их сургуулиуд л хэлж өгөөгүй санагдчихлаа.
Тэгвэл яг үнэндээ системтэй сэтгэлгээ, цэгцтэй мэдлэг гэдэг нь мэдээллийн “төвшингүүдийг зааглах, тогтоох” явдал юм.
Яаж тийм болох вэ гэж үү?
Ямар ч гэсэн интернэтээс болсон болоогүй буруу зөв юм бүү эргэцүүлэхгүйгээр авах, сайхан цэгцтэй бичсэн сайн ном унших, за тэгээд мэдлэгээ эргэцүүлж төвшин төвшинд нь зааглах дасгал хийж болох юм даа.
Эцэст нь хэлэхэд яагаад хамгийн эхэнд залуустаа хандаад гэж эхэлсэн бэ гэхээр манай ахмад хүмүүсийн мэдлэг мундаг цэгцтэй, харин сүүлийн үеийн залуусын мэдлэг дэндүү замбараагүй болсон санагддаг. Мэдээж залуусын буруу биш байх. Олон янзын тогтолцоог сольж, хольж тоглон монголын боловролын салбарыг дампууруулсан хүмүүс гол буруутан. Интернетийн замбараагүй хэрэглээ, гадаад хэлний тал мэдлэг зэрэг нь дам буруутан болов уу гэж бодож байна. Эрхэм та авах юм байвал аваад хэрэггүйг нь хаяна бизээ.

MySQL database migration from Latin1 to UTF8

Thursday, April 1st, 2010

Өнөөдөр хуучин блогоо зөөж байтал нэгэн асуудал гарлаа. Учир нь блог маань юникодоор бичигдэж байсан ч latin1 тэмдэгт кодчлолоор өгөгдлийн санд хадгалагдсан байжээ. Ингээд нөгөө арзайсан бичвэрээ UTF8 болголоо. Энэхүү аргыг би үргэлж хэрэглэдэг бөгөөд хэрэглэх хэрэгцээ их гардаг тул энд бичлээ.

# mysqldump -u dbuser -pdbpass --opt --skip-set-charset --default-character-set=latin1 --skip-extended-insert databasename > database.sql
# sed -i 's/DEFAULT CHARSET=latin1/DEFAULT CHARSET=utf8/g' database.sql // эсвэл perl -i -pe 's/DEFAULT CHARSET=latin1/DEFAULT CHARSET=utf8/' database.sql гэсэн ч болно.
# sed -i '1i SET NAMES utf8;' database.sql // эсвэл ямар нэг засварлагчаар vi database.sql гэдэг ч юм уу нээгээд толгойд нь "SET NAMES utf8;" гэсэн мөр нэмнэ.
# cat database.sql | mysql -u dbuser -pdbpass

Ингээд л боллоо.

Is there really water on the moon?

Tuesday, February 23rd, 2010

Өнөөдөр санаадгүй ийм мэдээ уншаад элэг хөших шахав. Ийм солир ч гэж хаа байхав дээ. Хадаг тавиад өрөөндөө аваачин шүтсэн ч гэх шиг. Сүүлийн үед иймэрхүү юм уншиж сонсохоор уур нэлээн хүрдэг болоод байгаа нь юутай холбоотой юм бүү мэд. За шалдар булдар юм ч яахав. Сансраас унасан хог шүтэж байхад цаана чинь америкчууд тэр хогийг чинь хэр хөрөнгөөр яаж хөөргөж яаж судалж яах гээд судлаад байгааг дуулгая даа.
1969 оноос хойш хүмүүс саран дээр хүнтэй хүнгүй хөлөг хөөргөн ихэд судалсан бөгөөд ус байхгүй хуурай хэмээн нотолж байсан боловч нэлээн хэдэн жилийн өмнөөс сарны дурангийн судалгаагаар саран дээр ус мөс хэлбэрээр байгаа гэж таамаглах болж гурван ч хиймэл дагуул бие биенээсээ хамааралгүйгээр сарны 3 өөр газраас ус мөсний мөр олсон гэгдсэн бөгөөд түүнийг бодитоор батлахаар өнгөрсөн оны 6 сарын 18-нд амеркчууд флорида мужаас LCROSS (Lunar Crater Observation and Sensing Satellite) хэмээх 79 сая долларын төслийнхөө хүрээнд 2 хөлөг хөөргөсөн билээ. Үүнийг science сэтгүүлээс эсвэл гүүглээс хялбархан мэдэж болно.
За ингээд LCROSS ба LRO хөлөгт 2 тонн жинтэй пуужин тус тус үүрүүлж хөөргөсөн бөгөөд хөлөгт судалгааны хэрэгслүүд болон тус бүр 5 камер байрлуулсан байна. Ингээд 2009 оны 10 сарын 9-ний өдөр улаанбаатрын цагаар 20:30 үед үүрүүлсэн 2 пуужингаараа сарны урд туйлыг 9000 км/ц хурдаар бөмбөгдсөн байна. Үүний зорилго нь сарны урд туйлд -240 хүртэл хэмийн хүйтэн бөгөөд олон сая жил нарны гэрэл тусаагүй цэгийг (Cabeus A) мөс агуулж байх хамгийн өндөр магадлалтай хэмээн үзэж түүнийг бөмбөгдөн 50 км өндөр тоосон үүл үүсгэж тэрхүү тоосыг шинжлэх байлаа. Төсөл ч яг төлөвлөсөн дагуу болж 10 км диаметр бүхий 50 км орчим өндөр тоосон үүл үүссэн бөгөөд судалгааны дүнгээр 2009 оны 12 сард саран дээр ус байгаа гэдгийг бүрэн нотолсоноо NASA мэдэгдсэн билээ. За ус байдаг л юм байгаа биз, яах гээд ингэж их хөрөнгө гарган сарыг сонирхоно вэ?
Хэрвээ саран дээр ус байхыг баталчих юм бол хүмүүс сарыг дор нь колончлох боломжтой болох юм. Сарыг колончлоод ямар ашигтай гэж?
1. Саран дээр Helium-3 хэмээх дэлхий дээр маш ховор байдаг бодис агуулсан эрдэс асар их хэмжээгээр байдаг байна. Энэ нь цөмийн нэгдлийн (kernfusion) хүчээр асар их энерги байгальд ямар ч хоргүйгээр энерги гаргах боломжтой болох ба хүн төрөлхтөн өнөөг хүртэл тийм механизм байгуулж чадаагүй тул итгэхэд бэрх. Гэвч атомын цахилгаан станцад хэрэглэсэнээр байгальд ямар ч хорт хаягдал гаргахгүй энерги үйлдвэрлэх боломжтой болох юм. Үүний тулд тэрхүү түүхий эдийг дэлхий рүү зөөвөрлөх бөгөөд оронд нь хүчилтөрөгч, устөрөгч болон үйлдвэр барихад шаардлагатай зүйлсийг сар руу зөөвөрлөнө. Энэ нь эдийн засгийн хувьд алдагдалгүйгээр барахгүй ашигтай гэдгийг эдийн засагчид батлаад байгаа.
2. Ашигт малтмал олборлох боломжтой. Энэ олборлолтонд зориулсан машин механизмыг загварчлах уралдаан намайг энд оюутан байхад (2004/5 оны үед) NASA-гаас 500 000 $ шагналтайгаар зарлагдаж байсан. Мөн түүнтэй төстэй уралдаан германд ч SUN corporation-оор дамжин зарлагдаж байсныг санаж байна.
3. Сарны туйл дээр бараг байнга нар тусдаг байршлууд байдаг бөгөөд мөн саран дээр нарны цахилгаан үүсгүүрт шаардлагатай бүх түүхий эд байгаа нь батлагдсан. Ингэснээр нарны цахилгаан станцаар саран дээрх бүтээн байгуулалтыг хийх боломжтой.
4. Устөрөгч илрүүлснээр саран дээр үйлдвэрлэл явуулж тэндээс дэлхий рүү хөлөг илгээх боломжтой болно. (Энэ нь л ус илрүүлэхийг гол түлхүүр болов уу)
5. Дэлхий дээр туршихад бэрхшээлтэй төслүүдийг турших боломжтой болно.
6. Хүмүүс саран дээр суурьшиж эхэлснээр жингүйдлийн орчинд бүтээн байгуулалт хийх болон амьдрах талаар туршлагатай болж цаашдын гариг эрхэс рүү зочлоход дөхөм болно.
7. Марс руу очих суурийг бүрдүүлж сансрын хөлгийн хамгийн том цэнэглэгч, энергийн хангамжтай буудлыг байгуулах болно.
8. Дэлхийтэй шууд харилцах утсан харилцуур байгуулах боломжтой. Үүний тулд сарыг тойрсон олон хиймэл дагуул хөөргөх эсвэл L2-Lagrange-Point дээр байрлах нэгэн хиймэл дагуул хөөргөхөд хангалттай бөгөөд нэг их удаашралгүйгээр утсаар харилцан ярилцах боломжтой.
За мань яаж мэдэхэв цаашаа олон эерэг талууд, сөрөг ч талууд байгаа биз. Гэсэн ч ямар ч гэсэн 2024 он гэхэд хүн суурьшин ажиллах боломжтой болгоно гэж зарлагдаад байгааг нь харж л байя даа. Тэр болтол амьд мэнд явж л байх байлгүй. 2024 больёо гэхэд 2030-д боломжтой болчих ч юм билүү.
Би уг нь багадаа одон орон судлалд маш дуртай байлаа. Тэгээд л 9-д орохоосоо өмнө их гоё зурагтай Астраноми гэсэн номыг бараг бүгдийг уншчихсан их л додигор амьтан 9-д орсон чинь тэр хичээл програмаас нь ор тас хасагдаад одон оронч болох мөрөөдөл талаар болсон юм даг. Энэ талаар манай улс анхаарах чадалтай байсан бол найдвартай одон оронч болох байсан байх. Гэхдээ програм хангамжийн инженер болсондоо одоо харамсдаггүй ээ.
За үг олдож үхэр холдох нь програмаа бичье. Ажил их байна.
Дэлхийн нөгөө захад иймэрхүү зүйл хийгдэж байхад манайд тэдний 50 жилийн өмнө хөөргөсөн сансрын хөлгийн хогийг нь шүтээд сууж байгааг хараад тэссэнгүй энэ бичлэгийг шивчихлээ.

Сар шинийн мэнд дэвшүүлье!

Saturday, February 13th, 2010

За цагаан сарын маргаан тойрсон асуудалдаа орж тэмдэглэлээ хийе дээ. Хүн гэдэг мартахдаа тун хурдан амьтан. Тэгэхээр жилийн жилд маргаан болдог энэ асуудлыг бүгдээрээ зүгээр л ажиглаад явцгаая гэсэн зарчмаараа энэ жилийн ажиглалтаа бичье.
За уржнан жил http://www.badral.net/index.php?/archives/53-unknown.html хаягт бид 2008 оны 2 сарын 7-нд битүүрч 2008 оны 8-нд шинэлэж байжээ. За тэгээд Тэрбиш зурхайчаа магтан дуулж яг зөв шинэллээ гэж баяссан байгаа юм. Бидний ажиглалт хийж эхэлсэн цэг бол тэр. Биднийхээр бол ажиглалтын 1-р он. :)
Дараа жил нь илүү сартай жил та минь гээд 13 сарын дараа буюу http://badral.net/index.php?/archives/104-unknown.html 24-нд битүүрч 25-нд шинэлсэн байх юм. Өмнөх ажиглалтын 1-р онтойгоо харьцуулахаар 1 өдрийн өмнө шинэлсэн болж таарав. Хятадууд илүү сар гарахыг мэддэггүй юм байлгүй ямар ч гэсэн 1 сард шинэ жилээ тэмдэглэчихсэн байлаа.
За өнөөдөр 2010 оны 2 сарын 13. Энэ жил бид өнөөдөр битүүрч байна. Маргааш буюу 2010 оны 2 сарын 14 шинийн нэгэн гээд байгаа. Аан бас болоогүй 15-нь ч шинийн нэгэн гэсэн. Шинэ сар бол 2 сарын 14-ний 10:52 гарч байх юм. (0 буюу Сар битүүрч байнаа гэсэн үг. Яагаад гэвэл дараад уншина уу. ) Тэгэхээр 2008 оны буюу бидний ажиглалтын 1-р онтой харьцуулбал бас л ноднин жилийнх шиг бид 1 өдрийн өмнө шинэлэх болоод байна даа. За хөөрхий тэгэхээр 2008 онд бид буруу шинэлсэн болж таарах нь дээ?
Гэхдээ юмыг яаж мэдэхэв бүгдээрээ ажиглаад л шинэлээд явж байя даа. Ирэх жил яах юм бол доо. Ирэх жил их сонирхолтой зүйл гарч ирнэ. Учир нь бид дэлхий маань нараа 365.2422 хоногт тойрдог бөгөөд 12 сарыг жил гэж үздэг нь үнэн бол бидэнд хугацаа/сарын хувьд илүүдэл гарахаас дутагдал гарахгүй. Тэр илүүдлийг нь монгол зурхайд цуглуулж байгаад 4 3 жил дотроо нэг сар оруулаад нэмчихдэг юм гэсэн. Тэр нь өнгөрсөн жил буюу 2009 онд тохиочихсон тул ирэх жил 2 сарын 3-ны улаанбаатрын цагаар 10:31:49-д битүүрэх 0 сараар битүүрч 2 сарын 4-нд шинэлэх болно. Харин өнгөрсөн 2 жилийнх шиг гэвэл 2 сарын 2-нд битүүрээд 3-нд шинэлэх байх. (яахав 1 хоногийн зөрүү л яваад байгаа.)
Харж л байя даа. :)

~ Two months without internet…

Tuesday, January 26th, 2010

Өнгөрсөн жилийн 12 сарын 1-нээс өөр байранд нүүн орсон тул шинэ байрандаа интернет тавиулах хэрэг гарав. Ингээд интернетээр хайж байгаад хамгийн сайн техник болон хамгийн өндөр хурдыг хамгийн хямдаар санал болгосоноор нь 1und1 -н VDSL 50000 холболтыг 11 сарын 17-нд захиалав. Гэтэл 12 сарын 15 хүртэл чимээ байдаггүй утсаар лавлатал манай байранд 50000 тавих боломжгүй юм байна зөвхөн 16000+ тавих боломжтой гэж байхын. Хэр хурдан тавьж чадах вэ гэтэл дейчэ телекомийн шугам ашигладаг тул 2-3 долоо хононо гэж байхын. За тэгвэл би өөрөө Телекомтойгоо яръя даа гээд захиалгаа болиулаад, 12 сарын 27-нд дургүй ч гэсэн Телекомтой ярьлаа. Ингээд мөн л VDSL 50000 боломжтой бөгөөд 1 сарын 8-нд тавьчихна гэх юм. Телеком ч хэлсэндээ хүрлээ. Үнэхээр VDSL 50000-г хэлсэн хугацаандаа тавиад өгчихлөө. Харин тэдний Рүүтэрийг би аваагүй юм. Оронд нь өөрөө AVM Fritzbox! 7390-ыг захиаллаа. Гэтэл энэ нь үйлдвэрээсээ гарч өгдөггүй түр зээлийн Рүүтэер авч тавих гэсээр өчигдөр интернетэд холбогдов. Бөөн бөөн баяр.
Интернетээр бүх шилжүүлэг гүйлгээ, наймаа гээд хамаг ажлаа хийдэг байсан тул бараг 2 сар интернетгүй баларлаа. Энэ хооронд bolorcms.com нэрийн маань хугацаа дуусаад борлуулагч нь нөөцөлчихсөн байсан тул блогоо bolorcms.com/badaa хаягт цааш хөтлөх боломжгүй болсон тул badral.net гэсэн нэр авч хөтөлж эхэллээ.
Өнгөрсөн оны сүүлээр ажил мэргэжлийн тал дээр ч, хувийн амьдралын тал дээр ч ачаалал асар их байлаа.
Одоо блог тэмдэглэлээ хөтлөөд явахыг хичээхээс.

eBook reader devices – The future of the Books

Wednesday, June 24th, 2009

За сүүлийн үед ном бүр л электрон PDF хэлбэрээр олдох боломжтой болжээ. Миний EBOOKS лавлах л гэхэд 95 000 орчим болсон байх юм. Эдгээрийг зөөврийн компьютер дээрээс уншиж барна ч гэж юу байхав хааяа нэг хэрэг болохоор л ганц нэг шүүрдэж хардаг. Мөн компьютер дээрээс уншихад тух нэлээн муутай нүдэнд ядаргаатай байдаг. Гэтэл сүүлийн үед ebook reader гээч зүйл нэлээн өргөн дэлгэрч байна. Эдгээр нь замд авч явахад амар хөнгөн, мэдрүүлт дэлгэцийн тусламжтай бичиж тэмдэглэх боломжтой (үнэ нь нэлээн нэмэгдэнэ), дуу болон дүр үзүүлэх чадвартай, WLAN холбогдох боломжтой гээд үнэхээр чадахгүй зүйл алга. Мөн баттерей нь ерөнхийдөө хэрэглээнээсээ хамааран 2-с дээш өдөр эсвэл 1500 хуудаснаас дээш уншилт хийтэл барих тул үнэхээр хангалттай юм. Liberto гээд нарны гэрлээр ажилладагийг ч л хийчихсэн байна лээ. Хөгжүүлэгчид мөн уншихад нүдэнд хялбар, нэлээн дэлгэмэл өнцгөөс гялбахгүй харагдах боломж зэргийг анхааран дэлгэцэнд өндөр анхаарал хандуулан хөгжүүлжээ. (усан ч юмуу нано ч юмуу бөмбөлөгөөр бүрсэн байдаг дуулдана.)
Энэ төхөөрөмж одоохондоо харин үнэ нэлээн өндөртэй л байна. Гэхдээ удахгүй буурах биз. Та ийш тийш явахдаа 2 зузаахан ном аваад явахад л ямар хүнд ядаргаатай байдаг билээ. Харин одоо ном биш хэдэн мянган номтой номын сан авч явж чадна гэсэн үг.
За нэлээн хэдэн моделууд хайж үзсэнээс энгийн ном шиг А5 (15,5 x 21,6 см) хэмжээтэй, засвар хийх боломжтой тул iRex iLiad Book Edition.ER820-XW-GR, Amazon Kindle DX хоёр нэлээн таалагдлаа. Цааш гэхдээ нэлээн хайж байж авнаа.
Sony PRS загварууд, Bookeen Cybook Gen3, BeBook зэрэг 300Euro орчим үнийн ангилалын загварууд 6″ жижиг дэлгэцүүдтэй тул iPod, iPhone, Android зэргээс нэг их сүртэй ялгаатай санагдсангүй. Харин Digital Reader 1000S 10.2″ сайхан том дэлгэцтэй боловч үнэ нь арай дэндүү өндөр байв.
Plastic Logic бас нэг айхтар зүйл танилцуулаад байгааг дараах видеогоос үзнэ үү. Даанч 2010 оноос худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм байна.

Living in Mongolia

Saturday, May 2nd, 2009

За нэг блогтоо бичлэг нэмэхгүй бол завгүй гээд яваад байвал хөтөлж эхэлсний хэрэг юу байхав. Сая хэсэг хугацаанд алга болсон сонингоосоо л хуучилъя даа.
Нутаг буцахаар шийдэн эхнэр хүүхдээ аваад 3 сарын 2-нд Буянт ухаад буулаа. Нэлээн хүйтэн байгаа гэж сэтгэлдээ бэлтгэсэн үү яасан гадаа 28 хэм хүйтэн байна гэхэд санасныг бодоход дулаан санагдав. Түүний хажууд декларац бөглүүлж тамга дарж оруулж байгаа хилийн цэргийнхэн нь үү, гаалийнхан нь уу бүү мэд, нөгөө л байдаг янзаараа бүр жихүүн хүйтэн байлаа. Ийм завхарсан хэрэггүй цаас бөглүүлж байдаг улс манайхаас өөр байдаг ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Зөв бөглөх ямар ч нөхцөл байхгүй. Оршин суух хаяг ч гэх шиг. Би Архангай, цогт уул гэж бөглөөд хэрүүл хийж байв. Хаягжуулалт байхгүй хэвтэж түүн дээр баахан юм болж солиорно. Гадаад хүмүүс хаана очихоо ч яаж мэдхэв дээ. Түүнийг энд (германд) уг нь тухайн хүн очих газраа очоод иргэний бүртгэлийн газар нь бүртгүүлдэг. Манайхан бол хилээр орсон л бол тэр хүн хаана юу хийж, дургиж явааг нь алдчихдаг юм шиг байгаам. Тийм юм бөглүүлж аваад, орсон хойно нь хаяад байвал яаж барих вэ дээ. Систем нь үндсээрээ буруу байнаа холбогдох албаны нөхөдөө.
За ингээд маргаашаас нь эхлээд л байрны эрэлд гараад тууваа. Хэд гурван юм зээлж хамж шимсээр авч явсан хэд маань бас ч гэж доллар өссөний гайгаар/буянаар евро өсөж 60 сая төгрөг болгоод авлаа. Ингээд байрны үнэ навс унасан, хямрал болсон, бэлэн мөнгөө бариад л явахад байр шиг их юм алга гэсэн ярианд итгэн их том амьтан зайсангаас 4 өрөө байр шинэ авахаар эхэлвээ. Хэхэ юун зайсан юун 4 өрөө, юун шинэ байр хэд хоногоос дариу 3 өрөө хуучин (1990 оноос хойшхи) шинэ нь хамаагүй байр баянзүрх, төмөр зам, хан уул дүүрэгт хайж эхэллээ. Бас л үлгэр болов. Хөдөө явж эцэг эхтэйгээ золголгүй болохгүй хоёр долоо хоног шахуу болоод аймаг явлаа. Тэнд очихоор л уг нь амралт болох юм даа. Даанч хот орж орон гэртэй болохгүй бол болохгүй гэсэн бодол толгойноос гаралгүй байсаар 10 хоноод буцаж улаанбаатарт ирлээ. Хүмүүс утаа овоо байхгүй болчихлоо гэцгээж байсан боловч хоолой хорсох энүүхэнд. Нүд арай хорссонгүй. Сайн ажиглавал төв замаас (энх тайвны өргөн чөлөө) урагш арай дээр нь дээр юмаа. Бүр 3,4 -тэй харьцуулбал шал ондоо юм.
Ингээд л төв замаас урагш байрны хайлтаа үргэлжлүүллээ. Шинэ байрны 1 м2 нь аль байрлалд, ямар компани барьж байгаагаасаа хамаараад янз бүр л юм. (м2 нь 750 – 2800$ ) Мань мэтийнхэн нь бэл дөхөх нь 700-800$ тул очоод үзэхээр үнэхээр чанар муу байлаа. Ханыг гараараа шөргөөд гарвал ирмэг нь нурна. Хаалга цонхыг онгойлгож, хаагаад бариулыг нь дарахад түгжээ нь хугарна. Шал нь далий хана нь муруй энүүхэнд. Тийм байранд м2-д 800*1500 ₮ төлөөд орно гэхээр сэтгэлд нэг л таашаалгүй, тавгүй.
Гэтэл германд байр худалдаж авахад нэг иймэрхүү ханштай. Ийм байр ч л байхын.
Доллараар наймаа хийхгүй гээд хууль гаргасан л юм гэсэн. Гэтэл хаана ч очсон $-р наймаагаа ярина. МИАТ, бүх барилгын компаниуд, ер нь томхон гэсэн бүх газар нь $. Томхон гэлтгүй дэлгүүр хоршоо хувь хүмүүс ч $ л ярина. ТҮЦ л арай тэгсэнгүй. Хуулиа гаргаад мөрдүүлж чадахгүй юм бол төр нь төр ч гэхэд хаашаа юм. Хуулиа мөрдөхгүй ард түмнийгээ улс ч гэхэд хаашаа юм. Үгүй гэхэд ч хаашаа юм.
За энэ яахав зорилго бол байр… Ингээд нэгэнт авах гэж байгаа юм гайгүй гэж яригдаад буй Жигүүр гранд, Эрэл, Цаст, Орчлонгийн байрнуудыг сонирхож үзлээ. Бусдаасаа өөр нь ч өөр юмаа. Гэхдээ 80 м2 байр 120 сая төгрөгөөс яагаад ч буухгүй юмаа. За ингээд харахаар монголд байгаа хүмүүс бол асар баян болж таарлаа. Гэтэл гудамжинд ядуу, ядруу хүмүүс нь их болсон харагдаад болохгүй юм. Авч байгаа цалингуудыг нь зардалтай нь харьцуулаад үзэхээр сэтгэлд багтахгүй харьцаа. Дэлгүүрт орно герман бараа эндэхээсээ 2-3 дахин, хятад солонгос нь ч мэдээж тэндэхээсээ тийм дахин л үнэтэй байгаа. Манайх өөрсдөө ямар юм хийх биш. Дотооддоо үйлдвэрлэсэн цөөхөн хэд нь ч ялгаагүй дагаад ч тэгдэг юмуу үнэтэй л санагдсан.
Гадаадууд ихэсчээ. Шар толгойтууд нэлээн харагдавч Солонгос, Хятадууд бол алхам тутамд таарна. За би өөрөө гадаадад олон жил амьдарсан хүн тэдгээр хүмүүсийг ойлгоноо. Монгол улсад татвар төлөөд тэнд ажиллаж амьдарч байгаа нь монгол улсад оруулж буй асар их хөрөнгө оруулалт. Гэхдээ бурхан минь монгол улс минь бүртгэлээ нарийн хийгээд, татвараа бүрэн авч л чаддаг байгаасай гэж найдая.
Байрны эрэл үргэлжилсээр эхнэр бид 2 цөхрөх, удайх янзтай боллоо. Найз нөхөд хамаатан садангуудтайгаа ч уулзаж золгож амжихгүй явсаар байдаг. Сүүлдээ болилоо. Байр хөлслөөд эхнэр хүүхдээ суулгачихаад эргэж би германд ажилдаа ирлээ. Найдвартай нь дээр гэж бодоод эндэх ажлаа эргэж ирж хүлээлгэж өгнө гээд явсан юм. Оножээ. Одоо хүлээлгэж өгөх биш он гартал ажилланаа.
Монголд гэхдээ хүмүүс тийм өндөр өртгийг дийлээд амьдраад байгаа юм чинь бас болгоноо. Юунаас нь дутахав гээд үзээд байхаас. Хоёр гурван найзтайгаа нийлж програм хангамжийн чиглэлийн нэгэн компани байгуулсан. Сохрын газар нь сохор, доголонгийн газар нь доголон болоод үзэж тархаас яахав.
Уулзаж учирч чадаагүй найз нөхдөөсөө хүлцэл өчье!

Бас л цагаан сарын маргаан

Thursday, January 29th, 2009

За би өнөөдөр зарим хүмүүс 1 сард цагаан сараа тэмдэглэлээ 25-нд шинэлэх ёстой шүү дээ гэх мэт маргаан дуулаад гэнэт блог архиваа сөхөж үзэв. Энэ тухай ноднин бичиж байхдаа 1 сарын 26-нд битүүрч 27-нд шинэлэхээр байна гэж тогтоож байсан билээ. Гэтэл энэ жил илүү сартай жил гээд 2 сард тэмдэглэнэ гэж зурхайч Л. Тэрбиш гуай алдсан юм гэнэ. Та бүхэн тэр өдөр нь тэмдэглэнэ бизээ. (Арай тэр зарим хүмүүс миний ноднингийн бичсэнээр шинэлээгүй л байлгүй. Шинэлсэн ч илүү саргүй гэж үзвэл зөв л дөө. )
За бид 2008 оны 2 сарын 7-нд битүүрч, 2 сарын 8-нд шинэлэж байжээ. Үүнийг би зөв гэж үзсэн байгаа. Гэтэл энэ жил илүү сартай гэж үзвэл шинэ сар нь 2 сарын 25-ны 09:35 цагт мандаж байх юм. Тэгэхээр ноднинийг шинэ жил Тэрбиш гуайн зурхайгаар зөв л юм бол энэ жилиийн 25-нд битүүрч 26-нд шинэлэх нь зөв. Хэрвээ энэ жилийн 25-нд шинэлэх нь зөв юм бол ноднин бид буруу шинэлэсэн гэсэн үг бөгөөд миний таамаг ч худал болно.
Ямар ч гэсэн ноднин энэ жил 2-ийн шинэ сарын талаар шинжилэхэд Тэрбиш гуайг би буруу бодож байна гэж дүгнэлээ.
Баталгааг та бүхэн харж байгаа байх. Хүн гүжирдэхээс айсан тул ахиад нэг нягтлаад биччихье!
Ноднин 2008 онд бид шинэ сар гарч тэнгэрт сар харагдахгүй болсон өдөр буюу 2008 оны 2 сарын 7-нд битүүрч, дараа өдөр болох 2 сарын 8-нд шинэлсэн. Тэр зөв бол бид энэ жил (2009 онд) яалт ч үгүй 25-нд битүүрч 26-нд шинэлэх нь зөв. Тэр худлаа бол энэ жил Тэрбиш гуайн үзсэнээр 24-нд битүүрч 25-нд шинэлэнэ гэж үзвэл ноднин буруу шинэлжээ. Ноднингийн сар мандсан цагийн хувьд бол ноднин 11 цаг 44 минутанд шинэ сар мандсан бол энэ жил 09 цаг 35 минутанд мандана. (13 дахь сар шүү дээ!)
Гүйцээ. Манай сарны цаг тоолол холион бантан болж байгаа юм байна даа. Ирэх жил яаж тогтоохыг нь бүгдээрээ хараад энд тэмдэглээд явах л үлдэх шив дээ.
Жич: Ноднин болон энэ бичсэн тэмдэглэлд дурдсан цагуудыг ойлгомжтой байлгах үүднээс Универсал биш монголын цагийн бүсээр тэмдэглэсэн болно.

Statistic of mongolian Openoffice.org and Bolor toli (dictionary)

Tuesday, December 16th, 2008

За монгол хэл дээр ОпенОфис.оргийн 3.0 хувилбар гараад сарын хугацаа өнгөрчээ. Тиймээс таталтын статистик үзүүлэлтийг нэг харлаа. За виндовс хувилбарыг 13733, Үбүнтү/Дебиан хувилбарыг 713, RPM-ийг 410, дүрмийн алдаа шалгагч өргөтгөлийг 514 удаа татжээ. Мөн хуучин хувилбар болох 2.4-ийг энэ сард 3653 удаа татсан байна.
ОпенМН дээр байрлаж буй Болор толийн хувьд өдөрт хайгддаг дундаж үгийн тоо 800 хүрлээ. (бета хувилбар тул огт сурталчилж, хүмүүст зарлаагүй байхад шүү )
Хэрэглэгчийн хайсан олдоогүй үг бүрийг хадгалаад явж байтал 90% буруу бичиж хайснаас болж арчилгаа хийхэд цаг нар, хүн хүчний хэрэгцээтэй болсон тул удахгүй тусад нь шинэ вэб хийж, хайлт болох хайх загварыг сайжруулж, дор хаяж 400 000 бичлэгийн сантай болгож, олдоогүй үг бүрийг хадгалах бус харин тухайн хайсан хэрэглэгч форумд оруулж хэлэлцэх боломжтой болгож, төлбөргүй хэрэглэх боломжтой хэвээр нь (зар сурталчилгаа тавьж магадгүй сайн дарж байгаарай :-) ), хуучин вин1251 кодчлол бүхий бичвэр хайх боломжтой болгож (хүмүүс их ингэж хайж байгаа болохоор) гаргахаар төлөвлөж байна. Энэ ондоо багтаад гарчих болов уу. Энэ хувилбар бол бета хувилбар биш анхны 1.0 хувилбар болно. Өөр олон боломжууд нэмэгдэхийн дээр хүмүүс нилээн олон хүсэлт тавьж байгааг харгалзан үзэж бусад вэбүүдэд зориулж виджет бэлтгэнэ.

Who is poisoning mongolian IT development

Wednesday, November 19th, 2008

Би монгол хүний хувьд, програм хангамжийн инженер мэргэжилтэйн хувьд Монголын мэдээллийн технологийн хөгжилд бас санаа зовчихно, хөгжүүлэхсэн, хувь нэмэр оруулахсан гэж бас бодно. Гэтэл ний нуугүй хэлэхэд Монголын МТ буруу зүг рүүгээ улам хурдалж байна. Яагаад? Монголын мэдээллийн технологи, програм хангамжийн салбарын хөгжлийг юу болон хэн чөдөрлөж, юу хорлож байна вэ? гэсэн асуултууд зүй ёсоор тавигдана.
Яагаад? гэдэгт ийм хариу олов. Монголын бараг бүх их дээд сургуулийн мэдээлэл зүйн хичээлүүдийн бодлого хэдэн (5) жилийн өмнөөс голдиролоосоо гарсан гэж үзэж болно. Эндээс л буруу замаар будаа тээж эхэлсэн эх суурь нь тавигдаж байгаа юм. Тэд хэрэглээг илүү чухалчилж, хичээлээр оруулж, зааж эхэлсэн. Үүнийг би анхнаас нь өнөөг хүртэл буруушааж явдаг. Энэ бодлого тухайн үеийн, магадгүй одоо төгсөж байгаа төгсөгчиддөө зөв мэт харагдавч цаанаа МТ шинжлэх ухааныг дампууруулж, бие даах чадваргүй гадаадын МТ хөгжлөөс 100% хараат болгож төгсөгчид нь тэдний хэрэглэгч болж байна энэ юу гэсэн үг вэ? Их сургуульд хөгжүүлэгч бэлтгэх ёстой юу хэрэглэгч бэлтгэх ёстой юу? КТМС төгссөн хүмүүс Номингийн худалдагч болдог гэсэн онигоо хэзээ худлаа болох вэ?
Энэ бодлого 1998 оноос КТМС дээрээс хэрэгжиж эхэлсэн ба тухайн үедээ 1, 2 жилийн турш маш зөв байсан байж болох юм. Компьютер гэдэг зүйлийг хараагүй хүүхдүүдэд програмчлал заагаад ямар үр дүнтэй байх вэ? Сургуульд хангалттай тооны ПК бүхий лаборатор байсан уу гээд асуудал их бий. Харин одоо бол шал өөр. Гэтэл яагаад одоо болтол их дээд сургуулиудын удирдлага энэ чиг бодлогыг барьсаар байна? Удирдлагууд маань ажлаа хийж бодлогоо шинэчлэн тодорхойлох болоогүй юу?
За дан ганц их дээд сургуулиудаас гадна бас өөр олон учир жанцан байнаа. Хүнээс алдаа эрэхээсээ өмнө өөрөөсөө эхэлж хайх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр бэлтгэгдэж гарсан бидэнд бас алдаа байна.

Бид л ядуу худалдан авах чадваргүй гэж энэ орос/хятад найзуудаасаа хууль бусаар кракдсан хулхи програм хангамжуудыг тараагаагүй гэж үү? Хувийн хэрэглээнд ийм зүйл байхыг үгүйсгэхгүй ээ. Улс орон даяараа бизнесийн байгууллагаасаа эхлүүлээд банк болон төрийн байгууллагууд (батлан хамгаалах болон цагдаа тагнуулын газрууд хүртэл) бүгд хулхи програм хангамж хэрэглэж байна. Нийгмээрээ хулхи. Энэ бол Монголын МТ хөгжлийг зүгээр л булшилчхаж байгаа юм. Ийм орон Монголоос өөр газар байхгүй. Африкт ч байхгүй шүү! Орос, хужаа найзууд ч бас тийм биш шүү. Хакерын тухайн нэг сонирхолтой мэдээ дуулгахад Хакерууд өөрсдөө хэзээ ч хууль бус програм хангамж хэрэглэдэггүй. Кракеруудын бол яахав бас 5, 10% нь хэрэглэчихнэ гэхдээ өөрсдөө кракдаагүй програмаа шүү!
Монголын бүх шүүх засаглалын газрууд хулхи програм хангамж хэрэглээд таны програмыг хууль бус хэрэглэсэн гомдол гарахад таны талд шийдэгдэх нь юу л бол? Тэглээ гэхэд тэр байгууллага бүгд өөрсдийгөө буруутнаар тооцож яллах ёстой юу. :-) Та бидний дунд Монголд нийтийн хэрэглээний програм хангамж хийгээд 1 ширхэг л зарагдана. Бусад нь бүгд хуулагдана гэсэн яриа байдаг. Энэ үнэн шүү дээ. Тэгэхээр монголд олон нийтийн хэрэглээний програм хийх ямар ч бололцоогүй болчихож байх жишээтэй.
Тиймээс бид одоогоор арга ядарсан арга буюу ямар нэг аж ахуйн нэгжид зөвхөн өөрт нь зориулсан жижиг сажиг санхүү, бүртгэлийн програмуудаар л амиа зогоож байна. Тэд мөн таны оюуны бүтээлийг үнэлэх сэтгэлгээ дутна. Учир нь нэг байгууллагын програм хангамж ямар үнэтэй байдгийг төсөөлөх ч үгүй. Тэд үнэгүй майкрософт виндовс, оффис … гээд хэрэглэдэг. Тэр нь уг нь асар өндөр төлбөртэй эд л дээ.
Мөн санхүү эдийн засгийн програмхан бичээд манай салбар хөгжихгүй шүү. Салбараа хөгжүүлэхийн тулд мэргэжлийнхээ талбарт илүү зүйл хийх хэрэгтэй болов уу.
Өнөөдөр байдал эрс өөр болсон. Ямар ч төлбөртэй худалдааны програм хангамжуудаас дутахааргүй нээлттэй чөлөөт програмын хувилбарууд нь гараад ирчихсэн улам хурдтай хөгжиж байна шүү дээ.
Тиймээс үнэхээр л бид төлбөрийн чадваргүй бол нээлттэй эх болон чөлөөт програм хангамжийг хөгжүүлэх болон хэрэглэх нь зөв зам! Хэрвээ тухайн чөлөөт програм хангамж шаардлага хангахгүй бол хууль ёсоор нь лицензээр нь худалдаж авахыг шаардах хэрэгтэй. Хууль бус програм хангамж хэрэглэхийг эсэргүүцэн сурталчлахыг бүх мэргэжил нэгт нөхөддөө уриалж байна!