Badral's personal blog
Интернет миний ертөнцийг хардаг цонх …

June, 2009Archive for

eBook reader devices – The future of the Books

Wednesday, June 24th, 2009

За сүүлийн үед ном бүр л электрон PDF хэлбэрээр олдох боломжтой болжээ. Миний EBOOKS лавлах л гэхэд 95 000 орчим болсон байх юм. Эдгээрийг зөөврийн компьютер дээрээс уншиж барна ч гэж юу байхав хааяа нэг хэрэг болохоор л ганц нэг шүүрдэж хардаг. Мөн компьютер дээрээс уншихад тух нэлээн муутай нүдэнд ядаргаатай байдаг. Гэтэл сүүлийн үед ebook reader гээч зүйл нэлээн өргөн дэлгэрч байна. Эдгээр нь замд авч явахад амар хөнгөн, мэдрүүлт дэлгэцийн тусламжтай бичиж тэмдэглэх боломжтой (үнэ нь нэлээн нэмэгдэнэ), дуу болон дүр үзүүлэх чадвартай, WLAN холбогдох боломжтой гээд үнэхээр чадахгүй зүйл алга. Мөн баттерей нь ерөнхийдөө хэрэглээнээсээ хамааран 2-с дээш өдөр эсвэл 1500 хуудаснаас дээш уншилт хийтэл барих тул үнэхээр хангалттай юм. Liberto гээд нарны гэрлээр ажилладагийг ч л хийчихсэн байна лээ. Хөгжүүлэгчид мөн уншихад нүдэнд хялбар, нэлээн дэлгэмэл өнцгөөс гялбахгүй харагдах боломж зэргийг анхааран дэлгэцэнд өндөр анхаарал хандуулан хөгжүүлжээ. (усан ч юмуу нано ч юмуу бөмбөлөгөөр бүрсэн байдаг дуулдана.)
Энэ төхөөрөмж одоохондоо харин үнэ нэлээн өндөртэй л байна. Гэхдээ удахгүй буурах биз. Та ийш тийш явахдаа 2 зузаахан ном аваад явахад л ямар хүнд ядаргаатай байдаг билээ. Харин одоо ном биш хэдэн мянган номтой номын сан авч явж чадна гэсэн үг.
За нэлээн хэдэн моделууд хайж үзсэнээс энгийн ном шиг А5 (15,5 x 21,6 см) хэмжээтэй, засвар хийх боломжтой тул iRex iLiad Book Edition.ER820-XW-GR, Amazon Kindle DX хоёр нэлээн таалагдлаа. Цааш гэхдээ нэлээн хайж байж авнаа.
Sony PRS загварууд, Bookeen Cybook Gen3, BeBook зэрэг 300Euro орчим үнийн ангилалын загварууд 6″ жижиг дэлгэцүүдтэй тул iPod, iPhone, Android зэргээс нэг их сүртэй ялгаатай санагдсангүй. Харин Digital Reader 1000S 10.2″ сайхан том дэлгэцтэй боловч үнэ нь арай дэндүү өндөр байв.
Plastic Logic бас нэг айхтар зүйл танилцуулаад байгааг дараах видеогоос үзнэ үү. Даанч 2010 оноос худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм байна.

A problem with BindingManagerBase && DateTimePicker control

Tuesday, June 23rd, 2009

Анх VS-2003 Architect дээр бичигдсэн, жилийн өмнө VS-2005 дээр шилжүүлэгдэн ажиллаж байсан програмыг VS-2008 руу шилжүүлтэл өгөгдлийн заагчийг нааш цааш (forward, backward) гүйлгэдэг функцүүд ажиллахгүй болчихов. Шинжээч (debugger) ямарч алдаа өгөхгүй, өвөрмөц боловсруулагчид (exception handler) ямар ч зүйл мэдэгдэхгүй байсан тул эх кодыг дэмий шахуу маш удаан ширтэж байж дараах асуудал байсныг олж асуудлыг арилгав.
Өгөгдөл ба хэрэглэгчийн гадаргуун холболтыг BindingManagerBase ашиглаж хийсэн байв. Түүнд контролуудын холболт нэмэхдээ тухайн контролын DataBindings.Add методыг хэрэглэдэг. Жишээ нь DateTimePicker1 функцын хувьд

Me.DateTimePicker1.DataBindings.Add(New Binding(“Value”, Me.dsPerson, “expert_person.birthday”)) ‘failed

Дээр бичигдсэн мөрийг дараах байдлаар нэг параметер нэмж асуудлыг арилгав.

Me.DateTimePicker1.DataBindings.Add(New Binding(“Value”, Me.dsPerson, “expert_person.birthday”, true)) ‘works

Уг нь програм улам сайжран хөгждөг байтал Visual Studio-гийн чанар лав муудаад байх юм. Шинэ боломж нэмэгдэж, томорч мундаг болж байгааг би хэлээгүй. Тухайн хөгжүүлэгч хэрэгслийн кодын чанар муудаад байх шиг санагдав. Уг нь дээрх тохиолдолд ямар (тухайн фунцэд форматлах эсэхийг заагч сайн дурын параметер нэмэгдсэн бололтой юм) нэг сануулга Visual Studio Debugger өгөх ёстой. Эс бөгөөс программист хүн ийм алдааг олно гэдэг үнэхээр цаг идсэн далайд зүү эрхтэй адил асуудал.
Мөн MSSQL Server 2008 Server Management Studio дээр хүснэгтийн дизайн өөрчлөх үед нэг маш сонин утгатай алдаа (тухайн хүснэгтийг устган дахин шинээр үүсгэхэд эрх тань хүрэхгүй байна гэсэн утгатай) алдаа өгч байсан нь серверийн хэрэглэгчийн эрх болон өгөгдлийн сангийн эрхэд асуудал байгаа мэт ойлгогдох нь ямар ч программист хүнд илэрхий. Гэтэл Server Management Studio дээрх тохиргооны асуудал байсныг олох гэж бас хөөрхөн хэдэн минут алдчихав.
Майкрософтод овоо гайгүй програмистууд ажилладаг гэж боддог байсан чинь сүүлийн үед оюутнууд голдуу ажиллуулдаг болсон юм байх даа гэмээр алдаанууд харагдаад байх чинь юу вэ?

How should we translate the word “middleware”?

Wednesday, June 10th, 2009

За байз Middleware гэсэн үгийг (ухагдахуун) програмчлал эхлэн үзэж байгаа залууст хамгийн ойлгомжтой байхаар яаж авбал зүгээр вэ? Уг нь хэвээр нь миддлваре гээд заншвал програмистууд илүү ойлгоод амар байх. Даанч миддлваре гэсэн энэ бичлэг монгол хэлэнд тохирохгүй бас нүдэнд үнэхээр дасахгүй байна.
Бид software-г Програм хангамж
Hardware-г Техник хангамж
гэж заншсан. Тэгвэл Middleware-ийг Нэгдэл хангамж гэвэл ямар уу? 🙂
Ер нь манай их дээд сургуулиудад энэ ухагдахууныг юу гэж заншсан байдаг вэ?

Нэмэлт:
Эд гэж авах бол шууд утгаараа “Дундын эд” болох юм даа тээ. Зарим нөхдүүд мэргэжлийн хэллэгийг тэр чигээр нь аваад тайлбарыг монголоор сайн хийгээд яваач гэдэг. Тэр чигээр нь авсанаас болоод тайлбар нь хэзээ ч маш сайн болохгүй л дээ. Тайлбар дотор нь монгол үг ч олдохгүй болох тал руу болоод ирэх байх даа.
Сэтгэгдлүүдэд орж ирсэн санаануудаас:
erdee: Завсрын програм хангамж
ulzii: Завсар хангамж 🙂
ajaxmaa: Суурь програм

2010-07-21: За энэхүү үгийг санал оруулсан нөхдийнхөө санаануудыг нэгтгээд “Холбогч суурь програм” гэхээр шийдлээ. Болор тольд мөн оруулчихлаа.

The giant planets – Mission Voyager 1 & 2

Tuesday, June 9th, 2009

Вояж ажиллагаа бол нарны аймгийн системийг судлах өнөөг хүртэлх хамгийн амжилттай ажиллагаанд тооцогддог. Вояж 2-г вояж 1-с 16 өдрийн өмнө 1977 оны 8 сарын 20-нд хөөргөжээ. Вояж 1 ба 2 нь Бархасбадь ба Санчир гаригууд дээр очиж тэдгээрийн сарнуудын хамт нарийвчлан судалсан ба Вояж 2 нь цааш Тэнгэрийн ван, Далайн ван гаригууд дээр айлчлан очиж сарнуудынх нь хамт нарийвчлан судалжээ. Вояж 1 харин цааш өөр замаар явсан ба зургаас замыг харж болно.
Вояж 2 нь 22 шинэ сарыг нээсэн ба одоо ч дэлхий рүү өгөгдөл илгээсээр байгаа билээ. Одоогийн байдлаар хоёр хөлөг хоёул асуудалгүй ажилласаар байгаа бөгөөд дэлхий өгөгдөл дамжуулсаар байгаа билээ. Вояж 2 нь урьдчилсан байдлаар 2020 он хүртэл радио сигнал дамжуулах төхөөрөмжийн тогийг дуустал ажиллах боломжтой ба Вояж 1 нь 2015 онд нарны гэрлийн нөлөөллөөс бүрэн гарах ба цааш сүүлийн төхөөрөмжөө унтраатал 2025 хүртэл ажиллах боломжтой юм байна. 2009 оны 3 сарын 20-ны байдлаар Вояж 1 нь 16.328.000.000 км алслагдсан ч үүргээ бүрэн гүйцэтгэсээр явна.
1960 онд Michael Minovich Бархасбадь гаригийн хүчтэй таталт 1976 ба 1978 оны хооронд болох ба түүнийг ашиглан сансрын хөлгөө татуулж хурдан очих болохыг сануулсан ба 3 жилийн дараа инженер Gary Flando дараа дараагийн гаригууд руу гуядуулан очиж нэг ажиллагаагаар дээрх дөрвөн гаригийн судалж болох замыг гаргасан байна. Хүн төрөлхтөн үнэндээ 150 жилд ганц тохиолдох боломжийг алдаж болохгүй гэж үзэн 1977 онд Вояж ажиллагааг амжилттай эхлүүлж чадсан нь гайхамшигтай. За бас л герман хэл дээрх энэ киног үзвэл илүү ойлгомжтой болох бизээ. Сүүлийн үед блогтоо юм бичих зав олдохгүй болхоор видео л нэмээд байгааг болгооно уу.



Удаад үзэж болохгүй байвал эндээс татаж аваад үзэж болно.

Albert Einstein or the formula of death

Friday, June 5th, 2009

Хорьдугаар зууны хамгийн шилдэг эрдэмтэн бол физикч Алберт Эйнштэйн (Albert Einstein -г германаас нь орчуулбал – Ганц чулуу-ны Нандингэрэл гэсэн утга гарах юм уу даа 🙂 ) гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Түүний нээсэн E=mc^2 гэсэн томьёо нь харамсалтай түүнийг амьд ахуйд үхлийн томьёо хэмээн нэрлэгдэж байв. Уг нь бол дэлхий дээр өнөөг хүртэл нээгдсэн бүх томьёоны хамгийн агуу нь. (Харьцангуйн тусгай онол) Энэ томьёо атомын бөмбөг яаж ажилладаг, дэлхий ертөнцийн үүсэл, нарны цацраг яаж үүсэж буй бүгдийг хэлж өгдөг. Гэхдээ хөөрхий үнэндээ буруугүйг энэ кино харуулж байна лээ. Өнгөрсөн хойно нь удалгүй Энергээс буцаж масс үүсэх боломжтой хэмээн үзэж ертөнц дахины үүслийг тайлбарласан байдаг. Энэ тухай киноны төгсгөл хэсэгт өгүүлнэ. Эйнштэйн уг нь энэ томьёог практикт боломжгүй гэж үзэж байв. Тэрээр яг өнөөдрийнх шиг кернфусионоор (++) асар их энерги гаргах боломжтой боловч түүнийг задлах гэж өгөх энерги үр дүнд гарах энергээс нь давна гэж үзэж байв. Гэтэл Leo Szilárd нейтроноор ямарч энерги өгөхгүйгээр задлах боломжтойг үзүүлэв. Leo Szilárd нь германд сурч байхдаа нацистууд атомын бөмбөг хийхэд тун ойрхон очсон гэдгийг гадарлаж Гейтлар түүнийг дайндаа хэрэглэх нь тодорхой гэж айж байв. Цөмийн химийн эцэг гэгддэг Otto Khan (Lise Meitner, Fritz Straßmann-ы хамт. Энэ 2 байгаагүй бол Отто нээж чадахгүй байсан.) ураны гинжин урвалыг нээснээр Szilárd бүр сандарч эхэлсэн байна.
Энэ тухай нарийвчлан үзүүлсэн баримтат киног та бүхэндээ хүргэж байна. Зарим нэг E=mc^2 томьёог ойлгоогүй хүмүүст хэрэг болох байх. Гэхдээ харамсалтай нь герман хэл дээр. Ер нь байгалийн шинжлэх ухааныг сайн ойлгохыг хүсвэл залуус минь герман хэл үзсэн нь дээр дээ. :p
За таалан соёрхож ямар жижигхэн масс (Hiroshuma дээр хаясан бөмбөг ~0.6 гр массаас 12.5 тонн энерги гаргасан байдаг. Угаасаа с^2 шүү дээ тээ) ямар том сүйрэл авчирч байгааг харна уу.

The mysteries of history – The secrets of the moon landing

Wednesday, June 3rd, 2009

Хүн төрөлхтөн сарнаас цааш аялж үзээгүй билээ. Бүх Apollo сансрын нислэгийн ажиллагаанд ямар нэг асуудал байнга байсан. Харин ниссэн астрономичид зөвхөн асар их азаар л амьд үлдэж байжээ. Тэр ч ортой байх. Хэзээ бат найдвартай ядаж өнөөгийн онгоцны төвшинд сансрын хөлөг хийнэ тэр үед хүмүүс сансрын эрэлд мордоцгоох биз. 🙂
Энэ видео энэ apollo үйл ажиллагааны тухай өгүүлнэ. Харамсалтай нь герман хэл дээр шүү.

Warriors of the Net – What is internet?

Monday, June 1st, 2009

2002 онд сүлжээний технологи гэсэн хичээл дээр (University RWTH-Aachen) үзүүлж байсан нэгэн видеог youtube дээр байхыг хараад холбочихлоо. Ердөө 13-хан минутын бичлэг. Хөөрхөн видео байгаа. 😉 Манай телевизүүдийн боловсрлын хэлтэсүүд иймэрхүү зүйлсийг орчуулаад тавиад байдаг болоосой.