Badral's personal blog
Интернет миний ертөнцийг хардаг цонх …

March, 2011Archive for

Online video lectures

Monday, March 28th, 2011

За ойрын хэдэн өдөр толгой өөд татахгүй суусан тул өнөөдрийн энэ бүтэн сайн өдрийг амраад өнгөрүүлэхээр шийдэж онлайнаар www.topmongol.com дээрээс монгол телевиз dawalgaa.com дээрээс ганц нэг кино үзэв. Ингээд халуураад цааш жаахан онлайн видео ухаж байгаад маш хэрэгтэй нэгэн видео сайт олов. Үзэж халуурч суусаар бүтэн сайн маань дуусаад нэг дэх өдөр хэдийнээ эхэлжээ.
Тэр бол http://videolectures.net Бүхий л салбаруудыг хамарсан гоё гоё шинэлэг лекцүүд байна. Манай мэргэжлийн хувьд МИТ, Кембридж, Станфорд гээд алдартай сургуулиуд болон янз бүрийн шилдэг конференцүүд, компаниудын лекцүүд видео хэлбэрээр байна шүү.
Та бүхэн ойлгодог л юм бол одоо гэртээ суугаад МИТ, Станфордод сурах боломж бүрэн байна. Ойлгодоггүй юм бол англи хэлний сонсголоо сайжруулж, чихний бөглөөгөө гаргаж суух боломж байна. Эцэст нь хакер болохыг мөрөөддөг залууст зориулан http://defcon.org/ сайтыг санал болгоё. Энэ жилийн илтгэлүүд маш гоё болсон байна лээ.
Мөн http://defcon.org/html/links/dc-archives/dc-15-archive.html -с Johnny Long -н илтгэлийг үзээрэй. Манай залуусын хэлдгээр КҮҮЛ миний хэллэгээр бол зэрлэг гар байгаа. 😉
Шинэчлэл:
Мартсанаас мал мэнд үү гэгчээр http://www.s-inf.de/ хаягт миний төгссөн их сургууль RWTH-Aachen-ы информатикийн институтийн лекцүүдийн видео, шууд нэвтрүүлэг (live stream), сурах материал, даалгавар байдаг юм шүү. Ихэнх нь Герман хэл дээр байж магадгүй. Гэхдээ нэлээн олон лекцүүд англи хэл дээр байгаа.
Мөн тухайн тэнхимүүдийн хаягт зарим лекцүүд видео хэлбэрээр байдаг. Хаягууд нь http://www-i№.informatik.rwth-aachen.de хэлбэртэй. Жишээлбэл тэнхим 7 (дискрет системүүдийн логик ба онолын тэнхим) http://www-i7.informatik.rwth-aachen.de
Энэ тэнхимийн зарим видео лекцүүд жишээлбэл http://www-i7.informatik.rwth-aachen.de/teaching/videos.de хаягт бий.
Миний унтаад сууж байсан ганц нэг лекц хүртэл тууж явах шиг байсан. 😉 Харин та унтахгүй нухаад байвал германы элит их сургуулийг гэрээсээ төгсчих боломж байна.

Mongolian script keyboard layout for Windows XP

Saturday, March 19th, 2011

Сэтгэгдлээр хүмүүс Виста, 7-ны монгол бичгийн гарын драйверийг Windows XP дээр яаж суулгах вэ гэж хүсэлт гаргасны дагуу байрлалыг өөрчлөлгүй яг тэр чигээр нь суулгагч бэлтгэлээ.
Үүнийг суулгасны дараа виндовсын стандарт сонголтод орж ирнэ.
Гэхдээ MongolianScript, MonnBaiti зэрэг фонтуудыг суулгаж мөн usp10 файлыг шинэчлэх ёстой. Үүний тулд энэ файлыг татаж аваад компьютероо шинээр эхлүүлэхдээ F8-г дарж Safe mode-р ороод My Computer->Folder Options->Show hidden files and folders руу ороод Hide protected operating system files (Recommended)-с хэрээсийг нь авч хаяна. Дараа нь Windows\System32\dllcache болон Windows\System32 дотроос usp10.dll -г хаа нэг өөр хавтас руу зөөнө эсвэл устгана.
Дараа нь татаж авсан usp10.zip-ээ задлан usp10.dll-г нь Windows\System32 болон Windows\System32\dllcache руу хуулна.
Компьютероо дахин шинээр эхлүүлнэ.

Улаанбаатарын утаа

Sunday, March 13th, 2011

Хэд хоногийн өмнө МОНЦАМЭ-гийн вэб хуудаснаас санамсаргүй “Газар зүй, геологи судалгааны төвийн судалгаагаар агаарын бохирдол гэр хорооллоос 90 хувь, машинаас 3 хувь, станцаас 6, бусад нь 1 хувь гэж үзсэн. Мөн ШУТИС-ийн Экологи, тогтвортой хөгжлийн төвийн судалгаагаар машин 30-70 хувь, бусдыг нь гэр хороолол, нам даралтын зуух, станц бохирдуулж байгаа гэсэн. Агаарын чанарын алба эдгээр судалгаа болон өөрсдийн хийсэн хэмжилт, судалгаа, агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн тооллого дээрээ үндэслэн нэгтгээд, бусад судалгаатай харьцуулсны дүнд машинаас 20 хувь, гэр хорооллоос 60 хувь, үлдсэн хэсгийг нам даралтын зуух, цахилгаан станц нь бүрдүүлж байх магадлалтай гэж дүгнэсэн.” гэсэн 2010 оны 11 сард бичигдсэн өгүүлбэр олж уншив.
За энэ асуудал ч улиг болтол яригдаад гамшгийн хэмжээнд хүрлээ гэж төвчигнөөд, өчнөөн мөнгө төгрөг төсөвлөн (буруу дуулаагүй бол 8 тэрбум төгрөг) зарцуулсан ч үр дүн нь хаана байна аа? Манайхан 3 хоног шуугилдаад л мартчихдаг, эргээд хариуцлага тооцдог тогтолцоо үнэхээр байхгүй байгаагийн нэгэн том жишээ энэ юм.
Адгийн наад зах нь тэрхүү утааны яг хэдэн хувь нь хаанаас гарч байгааг тогтоосон бодит судалгаа ч байхгүй байна. Үүнийг юу гэж ойлгох вэ?
Цахим өртөөний листээр
1.TEC-ueued 30%
2.Mashinii utaa 30%
3.busad dulaanyi eh ueueswerueuediin utaa 20%
4.Ger horoolyin utaa 20%
гэсэн судалгаа байдаг гэсэн мэдээлэл мөн цацагдаж байсан. Энэ бол логикийн хувьд маш дөхүү байж болохоор харагдаад байгаа юм.
Гэтэл одоо хүн бүр л утааг гэр хорооллоос гарч байна гээд л ам амандаа үглэдэг.
Ахиад өчнөөн хөрөнгө мөнгө зараад гэр хорооллын утааг арилгалаа гэхэд дээрх судалгаагаар Улаанбаатарын утааны дөнгөж 20-30% нь арилах нь ээ дээ!!! Тэгэхээр эхлээд судалгаагаа хурдан хийж магадлан гаргамаар юм.
Өнөө юу юугүй хаанаас барьж авахаа ч мэдэхгүй, төлөвлөхгүйгээр ханцуй шамлаж ороод, хариугүй шалчийж орхидог бидний өвчин ч юм уу даа.
Би 2011 оны 2 сарын 11-нд манай оюутнууд ерөнхийдөө асуудлыг хэр шинжилж, яаж шийдэж байгааг жишээлсэн өгүүлэл бичиж байсан. Түүнтэй энэхүү асуудлыг харьцуулаад үзвэл амьдрал дээр үнэхээр бүр хэд дахин доор байгаа юм биш үү???

Structure of Mongolian government

Wednesday, March 9th, 2011

Олон яам, сайдуудынх нь дунд толгой эргэчхээд байдаг болохоор, сая цай уух зуураа Монгол улсын засгийн газрын ерөнхий бүтцийг загварчилж үзье гэж бодоод иймэрхүү юм зурчихлаа. Доорх зураг дээр товшоод томоор харж болно.

Raw data recovery

Sunday, March 6th, 2011

Өнгөрсөн долоо хоногт gparted-р 100GB хэмжээтэй EXT3 партишныг NTFS рүү хөрвүүлээд хэмжээг нь нэмэх тушаал өгч орхитол баларсан юм болов. ~80GB өгөгдөл нь хэрэгтэй өгөгдөл байсан юм. Гэвч зураг, видео нь ч дүүрч. Гол нь эхнэрийн маань хийж байсан ~2500 мөр өгөгдөл бүхий 3 хавтас хүснэгттэй Openoffice-н Calc файлыг нөөц хийж аваагүй байжээ. Үүнийг л тэр чигээр нь хаяж болохгүй байлаа. Ингээд тэрхүү чухал файлыг сэргээхээр бүхий л Testdisk, Stellar Phoenix, EASEUS, Disk Internal, R-Studio, Professional Recover-Center гээд боломжит бүхий л хэрэгслээр 5 хоног үзээд дийлсэнгүй. Ажилдаа явахдаа шалгуулаад эхэлдэг ирээд л шалгаад л нухдаг байдаггүй.
Ингээд өнөөдөр аргаа бараад хуучин ДОС үйлдлийн системийн үед л Diskedit гээд программаар гараар засдаг байсан шигээ нухаад суулаа. Нөгөө партишнаа NTFS-рүү шилжүүлсний дараа ямар ч гэсэн анхны эвдэрсэн хэлбэр юм даа гээд dd image хийгээд авсан байсан юм. Тэрхүү ~100GB орчим имэж файлаа нээх HEX Editor-ийн эрэлд гарлаа. Тэрхүү том файлыг нээгээд хайлт хийчхээр төлбөргүй засварлагч байдаггүй юм байна. Ингээд нэлээн олон янзын эдээр оролдсоны эцэст WinHex дээр буулаа. Ингээд үзүүлбэр хувилбараар нь нөгөө файлаа нээгээд үзтэл нөгөө том файлыг үнэхээр төвөггүй нээж байна. За ингээд л vnd.oasis.opendocument.spreadsheetPK түлхүүрээр хайлт хийгээд явлаа. Азаар эхнээс нь 4 дэх файлд нөгөө .ods файл маань байгаа шиг санагдав. Учир нь хэмжээ нь ~ 800Kb байсан юм. Тухайн файл тийм хэмжээтэй гэдгийг өмнө нь Stellar Phoenix -р мэдэж авсан байлаа. Ингээд нөгөө файлаа тасалж аваад (туршилтын хувилбар нь зөвхөн 200Kb-г л зөвшөөрдөг юм билээ. 4 удаа хуулж авав.) .ods файлаар хадгалаад ОпенОфис-р нээх гэтэл алдаа заагаад явсангүй.
ОпенОфисын опендокумент формат нь ZIP байдаг билээ. Ингээд .ods-ээ .zip болгож нэрлээд задлах гэтэл алдаа заагаад задарсангүй. Ингээд Object Fix Zip (төлбөргүй), Advanced Zip Repair (үзүүлбэр), засах гэж үзээд нэмэр болсонгүй. Нэг нь зүгээр л Error, нөгөө нь амжилттай заслаа гэсэн боловч CRC error гэсэн мэдээлэл өгөөд нээж болсонгүй. Ингээд ахиад нөгөө файлаа ухаж байтал ZIP файлд байж боломгүй нэлээн олон 0 бүхий хэсэг олдов. Үнэхээр ямар нэг хог бүхий блок орж ирсэн байлаа. EXT3 дээр өгөгдмөл блокийн хэмжээ 4096 байдаг тул түүнийг өнөө тэгүүдийн сүүлчээс эхлэн урагш нь яг тэрхүү хэмжээгээр тасалж хаялаа. Ингээд 7zip-р ахиад задлаад үзтэл алдаатай боловч задарсан байнаа. Нөгөө чухал файл маань ч мөн болох нь мэдэгдэв. Гэтэл гол content.xml файл маань эвдрэлтэй байлаа. Хагас задарсан хэсгийг нь нээгээд үзтэл эхний хүснэгтийн 100 орчим мөр зөв явж байгаад цаашаа холион бантан болжээ. Ингээд ахиад WinHex-ээрээ edit хийж төгсгөлд нь дутсан 4 байтыг нэмж, нөгөө хассан блок дээрээ нэмээд эхлэл рүү нь дахин 8 байт устгаад ахин архиваа нээж үзтэл алдаагүй нээгдлээ. Ингээд шууд .ods болгоод ОпенОфисоороо нээхэд бүрэн сэргэсэн байлаа. Ингээд өнөөдөр ч нөгөө төсөөлөхөд бэрх болсон гар арга маань тэр мундаг мэргэжлийн гээд байдаг хэрэгслүүдээс илүү үр бүтээлтэй хэвээрээ байгаа юм байна. Гараараа ойролцоогоор 3 цаг ноцолдож байж сэргээжээ.
Ташрамд дурдахад дээрх бүх хэрэгслийн ихэнх нь NTFS-н доор устсан EXT3 байна гэдгийг таниагүй бөгөөд ганц нэг таньсан нь хэдэн алдаатай jpg файл сэргээснээс хэтрээгүй болно.
Харин WinHex-д үнэхээр талархаад баршгүй. Баярласан сэтгэлээ илэрхийлж ирэх долоо хоногт ядаж private хувилбарыг нь худалдаж авнаа.
Gparted-р гэлтгүй ямар ч партишн засварлагчаар файлын систем хөрвүүлэх бол залхууралгүй бүх өгөгдлөө өөр диск рүү хуулж тавьж байгаад хийж баймаар юм байна шүү.