Badral's personal blog
Интернет миний ертөнцийг хардаг цонх …

January, 2012Archive for

A Course on Software Architecture

Monday, January 23rd, 2012

Монголд очиж цахим хэл шинжлэлийн судалгааны төслөө барьж авч, базан хаяхаар шийдэж монгол явдаг юм билүү яадаг билээ гэж бодож байтал МУИС-н мэдээллийн технологийн сургуулийн захирал Ч. Лодойравсал анд тус сургуульд багшлах санал тавьснаар явахаар шийдэв.
Програм хангамжийн инженерчлэл гэсэн хичээл заах санал өгсөн боловч тус сургуульд одоо ордог тул өөр хичээл буюу жаахан нарийсгаад “Програм хангамжийн архитектур” гэсэн хичээл заахаар болов.
Програм хангамжийн архитектур нь програм хангамжийн инженерчлэлийн харьцангуй шинэ бөгөөд гол салбар юм. Энэхүү сэдвийг заах болсон шалтгаан нь:
1. Монголд ийм хичээл орж байгаа сургууль одоогоор байхгүй байгаа (Сэтгэгдлийг харна уу. Батзолбоо КТМС-д se305 гэж ноднингоос орж эхэлсэн юм байна.) бөгөөд бүтээгдэж байгаа програм хангамжууд ч голдуу нэг талаас нь харсан бүтээлүүд гарч байна.
2. Архитектурын (тодорхойлолтын) хэл буюу ADL (Architectural Description Language) талаар ойлголтыг дэлгэрүүлэх цаг нь болжээ гэж үзэв.
3. Би өөрөө энэ чиглэлээр RWTH-д гүнзгийрэн судалж мастерын ажлаа “Graph oriented programming” гэсэн судалгааны салбарт бичиж байв.
4. Програм хангамжийн инженерчлэлийн салбарт өөрийн гэсэн орон зайгаа үлдээсэн, германы элит их сургуулийн хүндэт профессор Манфред Нагл-р энэхүү хичээлийг заалгаж байсны хувьд өөрийгөө энэхүү хичээлийг заах үүрэгтэй гэж үзэв.
Ингээд энэхүү профессорынхоо талаар 3 өгүүлбэр дурдъя.
Тэрээр 2009 онд 65 насыг зооглосон бөгөөд ойн баяраар нь 5 профессор шавь нь энэ салбарын талаар болон түүний бүтээсэн бүтээлийг дурьдаж ном хэвлүүлжээ. Тэрхүү номд дурьдснаар:
1970-аад онд “graph transformations” гэсэн судалгааны салбар дөнгөж үүсэж байхад гараагаа эхэлж энэ салбарт голлох үйлийг бүтээжээ. Ингээд 1980-аад онд “integrated software engineering environments” салбар үүссэн бөгөөд мань эр график хувиргалтын системээрээ энэ салбарт орж ирж “IPSEN” хэмээх төслийг 1982 онд эхлүүлж 1996 онд амжилттай дуусгасан хүмүүсийн нэг билээ. “IPSEN” өөрөө маш нүсэр төвөгтэй систем байсан тул бүрэн бөгөөд маш сайн бүтэцтэй програм хангамжийн архитектур шаардлагатай байсан гэдэг. Ингээд тэр аль 1980-д онд “Software Architecture” салбарт ажиллаж эхэлсэн байхад энэ “Software Architecture” гэх салбар дөнгөж 1995 онд судалгааны халуун сэдэв болон гарч ирсэн юм. Тэр үед Манфред Нагл энэ чиглэлээр хэд хэдэн докторын ажил удирдчихсан байжээ. Ингээд 1990 онд “Нүсэр програм хангамжийг системтэй програмчлах арга зүй” гэсэн ном хэвлүүлсэн нь бидний мэдэхээр Програм хангамжийн архитектурын салбарын хамгийн анхны ном гарцаагүй болсон юм гэж шавь нар нь дурьдсан байна. (Paderborn 2, Darmstadt, Brandenburg, Bayreuth -н профессор)
Би мөн энэ номоор нь заалгаж байсан бөгөөд тэрбээр 2 дахь хувилбараа 2007 дахин хэвлүүлсэн байна. Тиймээс тэрхүү номыг гол чигээ болгон орно. Мөн тус номд орсон програм хангамжийн архитектурын хэлийг UML-тэй харьцуулан заана.
UML нь програм хангамжийн архитектур гаргахад өнөөдөр зонхилон хэрэглэгдэж байгаа боловч архитектур гаргахад төгс зохицсон хэл биш юм. Гол нь стандартчлагдсан хэл тул архитектур гаргахад түгээмэл хэрэглэгдсээр байна.
Өнөөдөр програм хангамжийн инженерчлэлийн салбарт ноёлж байгаа объект хандалтат технологи нь хэдий олон давуу талтай ч дутагдалтай тал олон тул тэр талаар нарийвчлан авч үзэх нь зүйтэй болов уу хэмээн сэтгэлээ.
Хэдий багшлах туршлагагүй ч энэхүү хичээлийг сонгосон оюутнуудад мэддэг чаддаг бүхнээ хүртээхээ амлаж байна.

Correct spelling of words with hard sign

Monday, January 9th, 2012

Олон хүн ъ тэмдгийг буруу хэрэглэдэг. Томьёо, авьяас, … гэх мэт үгсийг томъёо, авъяас гэж бичих нь элбэг. Тэр бүү хэл монгол улсын стандартууд (MNS) дээр ч Томъёо хэмээн бичсэн нь элбэг.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Дамдинсүрэн гуайн дүрэм ёсоор №34 -рт

Тусгаарлагч ъ, ь-ийн тухай:
1. Эр үгэнд я, ё эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол өмнө нь хатуугийн тэмдгээр тусгаарлаж бичнэ. Жишээлбэл: авъя, олъё, товъёг, угтъя
гэх мэт.

заасан байдаг.
Энэ дүрмийг харахаар нээрээ л ъ бичмээр эргэлзээтэй санагддаг. Гэвч би томьёо гэж бичнэ гэдгээ “дунд сургуулийн монгол хэлний хичээл дээр ь бичнэ гэж заасан байдаг” гэхээс өөрөөр тайлбарлан баталж чаддаггүй байв. Гэтэл саяхан цахим өртөө сүлжээний хэлэлцүүлэг дээр монгол хэлний мэргэжилтэн М. Саруул-Эрдэнэ анд маш гоё нотолгоо хэлснийг тэр чигээр нь буулгавал
“Хатуугийн тэмдэг монгол хэлэнд хэрэглэгдэх ганцхан л тохиолд бий. үүнд, гийгүүлэгчээр төгссөн эр үгэнд нэгдүгээр биед шийдэн хүсэх -Я, -Ё нөхцөлийг залгахад дунд нь Ъ – хатуугийн тэмдэг жийрэглэнэ. Бусад бүх бохиолдолд зөөлний тэмдэг.
Өөрөөр хэлбэл, ингэж ойлгож болно. Үгийн үндэс дотор Хатуугийн тэмдэг байхгүй ээ гэж.”
Тиймээс та бүхэн анхаарчихна биз ээ.