Badral's personal blog
Интернет миний ертөнцийг хардаг цонх …

January, 2013Archive for

Illegal business of Mobicom

Wednesday, January 23rd, 2013

Мобиком саяхан л 1 сая гаруй хэрэглэгчтэй боллоо гэж рекламдаад байсан. Гэтэл мобиком 1 сая хэрэглэгч рүүгээ баахан мессеж спам явуулж, хууль бус маркетинг хийсээр байна. МобиМедиаг нь хааснаас хойш болсон болоогүй зар ирсээр л байлаа. Түүний дараа 522 руу off гэсэн мессеж илгээж зарыг нь хааж авч амарсан боловч сүүлийн үед “бэлэгтэй картаа аваарай… мобиком”, “Дуудлага хадгалах үйлчилгээ хямдарлаа… мобиком” гэх мэт мессежүүд ирсээр л. Үүнийг 2222 руу залгаж хэлэхээр таны хүсэлтийг тэмдэглэж авлаа баярлалаа гэхээс өөр зүйл хэлж чадахгүй нэг охин л хариулах юм. Бусад үүрэн телефон операторууд ч мөн төстэй л байх. Хэрэглэж үзээгүй болохоор мэдэхгүй юм. Үүнийг ард түмэн ч тэр, зохицуулдаг газар нь ч тэр зохицуулаасай. Тэр хэдэн операторуудад нь л лав өөрсдөө болих ухамсар байхгүй юм шиг байна.

Possibilities for Using and Developing Open Source Software in Mongolia

Wednesday, January 23rd, 2013

Ийм нэртэй уулзалт төрийн ордонд болжээ. Ийшээ төр засаг нь анхаарал хандуулсан нь сайшаалтай! Харин зараа twitter-р түгээсэн юм уу, хаашаа юм ямар ч гэсэн надад мэдэгдээгүй өнгөрсөн байна лээ. Гэхдээ азаар http://open.parliament.mn/content/1002.htm хаягт мэдээ, http://www.parliament.mn/secretariat/opensource хаягт илтгэлүүдээс нь тавигджээ.
10 гаруй жилийн өмнө ОпенМН гэдэг баг байгуулаад нээлттэй эхийг монголд хөгжүүлье гэж уриалж, бас бага сагахан зүйл хийж явсны хувьд туршлагаасаа ганц нэг зүйл дурдах л байсан байх.
1. Энэ хуралд оролцогсод дотор хэн хэн ямар нэртэй нээлттэй эх бүхий програм хөгжүүлсэн, эсвэл тийм програмын хөгжүүлэлтэд оролцсон бол?
2. Энэ хүмүүс дотор систем хөгжүүлдэг биш дандаа гадны системийг шүтэж, рекламдаж, ярьж явдаг хүмүүс олон харагдана. Жишээлбэл: 2011 онд IT park дээрх нэг хурал дээр манай компаниас Монголчууд бид үндэсний үйлдлийн системээ хөгжүүлье гэсэн утгатай илтгэл тавьж байхад танай Соёмбо линүкс яахав ээ, тэрний оронд Ubuntu дээр гээд ярьж явсан хүн ч байна. Үнэндээ бол Соёмбо системийг зохиож байхад Үбүнтү сураггүй байлаа. Соёмбо-н анхны туршилтын хувилбарыг гаргасанаас 1 жил 8 сарын дараа Үбүнтү гэдэг систем гарсан нь ганц хүнээс өөр хүчгүй байсан системийн ихэнх санааг нь агуулсан байсан тул зогсоосон юм. Гэхдээ Үбүнтү 8.04 хувилбараасаа хойш бол утгагүй болж эхэлсэн тул бидэнд эргээд Соёмбо системээ сэргээн хөгжүүлэх хүсэл төрж эхэлсэн билээ. Код үнэрлэж үзээгүй хүмүүс бол Үбүнтүгээс илүү систем хийнэ гэдэгт итгэхгүй байх нь ч аргагүй. Линүкс програмчлалын зах зухаас нь нухаж явсан хүмүүс бол болно гэдгийг нь сайн мэдэж л байгаа.
Мөн нээлттэй эх рүү шилжих тухай дандаа эерэг тохиолдлуудыг ярьсан байна. Сөрөг тохиолдол ч олон байдгийг гаргаж тавьж байж амжилттай шилжүүлнэ гэдгийг санахад илүүдэхгүй бизээ.

Bolorsoft rocks, thank you IT-Incubator!

Sunday, January 20th, 2013

Болорсофт ХХК нь (http://www.badral.net/?p=207) эрийн цээнд хүрлээ. Учир нь 2011 онд инкубаторын шилдэг компани болж байсан бол 2012 оны шилдэг төгсөгч боллоо.
2012 онд монгол бичгийн юникод фонтын ОпенТайп алгоритмыг боловсруулж, ерөнхийлөгчийн вэбийг босоо монгол бичгээрээ урлажээ. Мөн монгол үг зүйн судалгаагаа дуусгаж, монгол үгийн төгсгөлөг төлөвт автоматыг үүсгэн Болор морф системийг бэлтгээд дотроо ашиглаж корпусын системээ шинэчилж байна. Мөн энэхүү системээ ашиглаж монгол бичгээс кирилл бичиг, кирилл бичгээс монгол бичиг рүү хөрвүүлэх системээ хийж эхэллээ. Одоо үгийн аймаг тодорхойлж өгүүлбэр зүйн судалгаа руу орлоо. Ингэснээр автомат орчуулгын системийг хийх боломж бүрдэнэ гэсэн үг. Мөн босоо монгол бичгийн зургийг бичвэр болгон таних OCR програмыг боловсрууллаа. Цөөнгүй тооны вэбүүдийг ч урлав. Эдгээрээс гадна манай компани дээр хэл шинжлэлийн 6 төсөл, банктай холбоотой интерпрайс системийн 1 төсөл хэрэгжиж байна. Болор толио сайжруулан электрон хувилбарынх нь програмчлалыг нь дуусгаад дагалдах програмуудыг хийж байна. Мөн онлайн хувилбарыг энэ оны дунд гэхэд судалгаануудаа ашиглан шинэ төвшинд гаргахаар ажиллаж байна. Энэхүү хувилбарт дор хаяж герман, орос, япон, солонгос хэлүүд багтах болно. Одоогоор герман үгийн сангийн хэмжээ 100 000 хол давж байна. Мөн манай компани их дээд сургуулиудтай нягт хамтран ажиллаж, 2 бакалаврын ажлыг КТМС-д санал болгож 99% амжилттай хамгаалууллаа. Одоогоор мөн 3 бакалаврын ажил хийгдэж байна.
2013 ондоо олон сайхан шинэ санаа, олон шинэ бүтээлүүд хийх нь баттай.
Болорсофтын бүх ажилчиддаа өндөр амжилт хүсье!