Өнгөрсөн долоо хоногт gparted-р 100GB хэмжээтэй EXT3 партишныг NTFS рүү хөрвүүлээд хэмжээг нь нэмэх тушаал өгч орхитол баларсан юм болов. ~80GB өгөгдөл нь хэрэгтэй өгөгдөл байсан юм. Гэвч зураг, видео нь ч дүүрч. Гол нь эхнэрийн маань хийж байсан ~2500 мөр өгөгдөл бүхий 3 хавтас хүснэгттэй Openoffice-н Calc файлыг нөөц хийж аваагүй байжээ. Үүнийг л тэр чигээр нь хаяж болохгүй байлаа. Ингээд тэрхүү чухал файлыг сэргээхээр бүхий л Testdisk, Stellar Phoenix, EASEUS, Disk Internal, R-Studio, Professional Recover-Center гээд боломжит бүхий л хэрэгслээр 5 хоног үзээд дийлсэнгүй. Ажилдаа явахдаа шалгуулаад эхэлдэг ирээд л шалгаад л нухдаг байдаггүй.
Ингээд өнөөдөр аргаа бараад хуучин ДОС үйлдлийн системийн үед л Diskedit гээд программаар гараар засдаг байсан шигээ нухаад суулаа. Нөгөө партишнаа NTFS-рүү шилжүүлсний дараа ямар ч гэсэн анхны эвдэрсэн хэлбэр юм даа гээд dd image хийгээд авсан байсан юм. Тэрхүү ~100GB орчим имэж файлаа нээх HEX Editor-ийн эрэлд гарлаа. Тэрхүү том файлыг нээгээд хайлт хийчхээр төлбөргүй засварлагч байдаггүй юм байна. Ингээд нэлээн олон янзын эдээр оролдсоны эцэст WinHex дээр буулаа. Ингээд үзүүлбэр хувилбараар нь нөгөө файлаа нээгээд үзтэл нөгөө том файлыг үнэхээр төвөггүй нээж байна. За ингээд л vnd.oasis.opendocument.spreadsheetPK түлхүүрээр хайлт хийгээд явлаа. Азаар эхнээс нь 4 дэх файлд нөгөө .ods файл маань байгаа шиг санагдав. Учир нь хэмжээ нь ~ 800Kb байсан юм. Тухайн файл тийм хэмжээтэй гэдгийг өмнө нь Stellar Phoenix -р мэдэж авсан байлаа. Ингээд нөгөө файлаа тасалж аваад (туршилтын хувилбар нь зөвхөн 200Kb-г л зөвшөөрдөг юм билээ. 4 удаа хуулж авав.) .ods файлаар хадгалаад ОпенОфис-р нээх гэтэл алдаа заагаад явсангүй.
ОпенОфисын опендокумент формат нь ZIP байдаг билээ. Ингээд .ods-ээ .zip болгож нэрлээд задлах гэтэл алдаа заагаад задарсангүй. Ингээд Object Fix Zip (төлбөргүй), Advanced Zip Repair (үзүүлбэр), засах гэж үзээд нэмэр болсонгүй. Нэг нь зүгээр л Error, нөгөө нь амжилттай заслаа гэсэн боловч CRC error гэсэн мэдээлэл өгөөд нээж болсонгүй. Ингээд ахиад нөгөө файлаа ухаж байтал ZIP файлд байж боломгүй нэлээн олон 0 бүхий хэсэг олдов. Үнэхээр ямар нэг хог бүхий блок орж ирсэн байлаа. EXT3 дээр өгөгдмөл блокийн хэмжээ 4096 байдаг тул түүнийг өнөө тэгүүдийн сүүлчээс эхлэн урагш нь яг тэрхүү хэмжээгээр тасалж хаялаа. Ингээд 7zip-р ахиад задлаад үзтэл алдаатай боловч задарсан байнаа. Нөгөө чухал файл маань ч мөн болох нь мэдэгдэв. Гэтэл гол content.xml файл маань эвдрэлтэй байлаа. Хагас задарсан хэсгийг нь нээгээд үзтэл эхний хүснэгтийн 100 орчим мөр зөв явж байгаад цаашаа холион бантан болжээ. Ингээд ахиад WinHex-ээрээ edit хийж төгсгөлд нь дутсан 4 байтыг нэмж, нөгөө хассан блок дээрээ нэмээд эхлэл рүү нь дахин 8 байт устгаад ахин архиваа нээж үзтэл алдаагүй нээгдлээ. Ингээд шууд .ods болгоод ОпенОфисоороо нээхэд бүрэн сэргэсэн байлаа. Ингээд өнөөдөр ч нөгөө төсөөлөхөд бэрх болсон гар арга маань тэр мундаг мэргэжлийн гээд байдаг хэрэгслүүдээс илүү үр бүтээлтэй хэвээрээ байгаа юм байна. Гараараа ойролцоогоор 3 цаг ноцолдож байж сэргээжээ.
Ташрамд дурдахад дээрх бүх хэрэгслийн ихэнх нь NTFS-н доор устсан EXT3 байна гэдгийг таниагүй бөгөөд ганц нэг таньсан нь хэдэн алдаатай jpg файл сэргээснээс хэтрээгүй болно.
Харин WinHex-д үнэхээр талархаад баршгүй. Баярласан сэтгэлээ илэрхийлж ирэх долоо хоногт ядаж private хувилбарыг нь худалдаж авнаа.
Gparted-р гэлтгүй ямар ч партишн засварлагчаар файлын систем хөрвүүлэх бол залхууралгүй бүх өгөгдлөө өөр диск рүү хуулж тавьж байгаад хийж баймаар юм байна шүү.


1 Comment

Галаа · 2011/03/06 at 09:25

Баяр хүргэе. Үнэхээр их ажил болжээ.
Тэгвэл WinHex гээд тархиныхаа мухарт “хийж” орхиё.
Бас програмын алдаанаас шалтгаалан файл гэмтэх явдал тохиолддог. Өнгөрсөн намар VMWare дотор XP суулгаж хэрэглэж байгаад чухал докумнетоо бараг тавиад туучих шахаж билээ. Харин нөөш байсан тулдаа их юм бололгүй өнгөрч байсан.
За тэгээд дийлэнх иймэрхүү асуудал та бидний өөрсдийн хайхрамжгүйгээс л үүдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Андуурч устгах, хэрэгтэй зүйлээ хуулж авч гүйцээгүй байж яаран форматлах, файлын хадгалалт хавтасны зохион байгуулалт эмх замбараагүй.. гээд л..

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *