Badral's personal blog
Интернет миний ертөнцийг хардаг цонх …

Archive for the ‘Опенофис’ Category

Glossary for Mongolian Openoffice

Wednesday, March 16th, 2016

2008 онд монгол опенофисыг гаргаж байхад юуны өмнө манай баг Glossary буюу нэр томьёог орчуулж байсан бөгөөд тухайн үед хэрэндээ л чанартай орчуулж байсан. Түүнээс хойш хэрэгсэхгүй хаясан байсан бөгөөд олон ч хүн тус нэр томьёоны орчуулгыг асуусан тул санан байж хуучин дискээсээ сэргээгээд http://openmn.org/index.php?nav=14&pageId=23&op=loadglos&item=2 хаягт тавьлаа. Мөн эхийг нь cvs форматаар openoffice.mn.csv.tar тавьлаа. Хэрэгтэй хүмүүс нь татаж аваад ашиглана биз ээ. Харин бидний нэрсийг буюу ОпенМН баг хийж байсан гээд дурдаарай. 😉

Mongolian Openoffice.org & Mongolian politicians

Friday, May 15th, 2009

Сүүлийн үед ОпенОфис.орг-ийн тухай таагүй мэдээлэл чих дэлсэж зарим нэг нөхөд намайг нэг дуугарсан нь дээр хэмээн зөвлөсөний үндсэн дээр энэхүү энэхүү заваан бичлэгийг блогтоо орууллаа.
Монголын зарим нэг мэдээллийн хэрэгслүүд жишээлбэл нийслэл таймс сонин дээр ийм мэдээлэл гарчээ. Энэ нь иймэрхүү мэдээллийн анхных нь ч биш. Өмнө нь өөр сонин дээр бас нэг учир нь ойлгогдохгүй иймэрхүү юм харагдаж байсан. Ийм утга учиргүй мэдээлэл оруулдаг сонины сэтгүүлчид ба ийм мэдээлэл барьж гүйдэг Numberone -ийхон мэтийн хүмүүс юу болж байна. Ичих нүүр алга уу та бүхэнд?
Энэ мэдээллийнх нь дагуу Numberone холбооны вэб хуудас руу нь орлоо. Гэтэл бидний хийсэн монгол опенофис.орг руу заасан холбоосоос өөр юм алга. Дээр нь энэ холбооныхон гэдэг нь улс төрийн тоглоомын утсан хүүхэлдэйнүүд болох нь вэбээс нь илт байлаа.
Яаж ОпенОфис.оргийг монголчилсон явц, протоколл ч харин азаар миний энэ блог дээр яруу тод байгаа даа. Энэхүү нөр их ажлыг хийсэн хэсэг нөхөд бол http://mn.openoffice.org/dev/team.html нар шүү! Тиймээс та бүхэн жинхэнэ хийсэн эздийнх нь сайтаас татаж авч хэрэглэж, тэдэнтэй холбоотой байдаг юм шүү. Энэхүү програмын тусламжийн хэсгийг орчуулах гэж цөөхүүлээ үйлээ үзэж байхад дээрх мэт балиар нөхдүүд нэрмээс болж байдаг.
Залуус минь та бүхэн ч Numberone гэх мэт ийм заваан луйварчин шинжийн улс төрийн холбоодоос холуур байдаг юм шүү.
Тэд юу ч хийж чадахгүй. Зүгээр л нийгэмд хэргээр худлаа, буруу мэдээлэл цацаж хор гай л тарьж явдаг.
Ер нь сүүлийн үед монгол ОпенОфис.оргийг өөрсдөө хийсэн гэж тоохгүй яриад явж байгаа нөхдүүд олширлоо. Нэг вариац сайт ажиллуулдаг залуу хүртэл би хийсэн юм гээд яриад явж байх жишээтэй. Саяхан зарим нэг нь бүр та нарын ард Ерөнхийлөгч Энхбаяр байдаг гэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлдэг гэсэн гээд асууж байхын.
Ерөнхийлөгч та эсвэл түүнийг тойрон хүрээлэгчид та бүхэн одоо биднийг доромжилоод байна уу? Монголд оюуны өмчийн хулгай хамаагүй бол энэ бүтээгдэхүүний хувьд олон улсад хамаатай бүтээгдэхүүн шүү. Бид та нарын сурталчилгаа биш. Сонгуулийн сурталчилгаа гэдэг юм дандаа л 100% худлаа байсан байсаар л байх юм даа.
Ер нь энэ жилийн ерөнхийлөгчийн сонгууль надаар яасан их даажигнаж байна вэ? Нөгөө Элбэгдоржийн сурталчилгааг Болор толь дээрээ тавиад өг гэсэн хүсэлт ирсэн боловч би дургүйцлээ илэрхийлж хариу өгөөгүй. Ер нь би энэ 2 нэр дэвшигчийг хоёуланг нь хувь хүнийхээ хувьд ч хэн нэгнээсээ дээрдээд байх юмгүй муу хүмүүс, улс төрчийнхөө хувьд ч чадваргүй луйварчид гэж үнэлээд аль алиныг нь ч дэмждэггүй. Хоёулаа л мундаг амьтад болоод худлаа том амлаад. Гэтэл энэ хоёр хүн 15 жилийн турш монголын төрийн өндөрлөг хавиар л явлаа. Өнөөдөр худлаа амлаад байгаа зүйлсээ битгий хэл монгол улсыг нөгөө хөгжилт бар улс болгочихвол ч болгохоор л хугацаа, эрх мэдэл. Гэтэл улс монголыг маань яаж тартагтаг нь тултал доройтуулав. Нүдэнд ил харагдаж л байна шүү дээ. Тиймээс эднээс надад хараад найдаад байх юм алга. Аль нь ч гарсан надад хамаа алга. Харин аль нэг нь гарч монгол улс маань л цааш хохирсоор байх нь тодорхой болсонд харамсаж байна. Үүнийг тодорхой болгосон энэ хоёрыг дэвшүүлсэн 2 намынх нь ч байж байгаа царай энэ. Тэрийг нь сурталчилж яваа алиа салбадайнууд нь Numberone гэх мэт байгууллагууд чааваас.
За тэднийг нийгэмд буруу ойлголт түгээж эхлэхээс нь өмнө бид мөн хийсэн зүйлсээ хамгаалж тэмцэх болноо. Цаашид монгол ОпенОфис.орг-ын тухай мэдээлэл цацах болбол заавал бидэнтэй dev (at) mn.openoffice.org хаягаар мэйл ирүүлж, мөн монгол опэнофис.орг логотой линк сайтдаа байрлуулах болбол бидэнд мэдэгдэж байхыг сануулъя. Энэ тухай mn.openoffice.org вэб сайт дээр тавигдана. Энэхүү дүрэм нь герман болон бусад олон улсын багуудын хувьд мөрдөгддөг дүрэм болно.

Mongolian version of Openoffice.org 3.0 is available now

Tuesday, October 21st, 2008

ОпенОфис.орг 3.0 хувилбар монгол хэлээр гарлаа! УРА!
Монгол хэлээр ярьдаг бичдэг бүх хүмүүст зориулан ОпенОфисын хамгийн сүүлийн хувилбар 3.0-г монгол хэл дээрээ гаргалаа. Виндовс үйлдлийн системийн хувьд INTEL DUO CORE 3.0 GHz тооцоолуур дээр тасралтгүй 44 цагийн турш хөрвүүлж (5,6 удаа тасарсан асуудлуудыг засаж) дуусгалаа. Энэхүү хувилбарыг би хуучин ашиглаж байсан XP болон VisualStudio 2003 мөн Windows SDK 2 хувилбарыг хэрэглэн бэлтгэсэн тул Vista хувилбартай хүмүүст XP загвараар харагдана.

Тэгж байгаад зав гарвал Vista хувилбарыг тусад нь гаргах бодол бий. Харин линүкс болон юникс үйлдлийн системүүдийн хувьд deb болон rpm пакетыг INTEL DUO CORE 2.4 GHz тооцоолуур дээр ердөө 8 цагийн турш хөрвүүлэн бэлтгэв. 🙂 MAC тооцоолуур байхгүй тул энэ хувилбарыг бэлтгэж чадсангүй. Уг нь хамгийн олон сайжруулалт, боломжууд энэ хувилбарт нэмэгдсэн гэж байсан.
Татаж авах хаяг: http://mn.openoffice.org/about-downloads.html
Орчуулгын хувьд 2.4 дээр хийсэн орчуулгаа сайжруулан ашигласан бөгөөд 6,7 сард багийнхан маань сайн суусан тул ихэнхийг эрт бэлэн болгосон байсан билээ. Шалгалтын хувьд зөвхөн автомат шалгалт л хийгдсэн болно. Тусламжийн хэсгийг орчуулах боломжтой хүмүүс бидэнтэй холбоо барихыг хүсье! Хаяг: http://mn.openoffice.org Одоогоор тусламж дээр ганцаараа ажиллаж байгаа Эрдэнэчимэг эгчид энэ ташрамд талархал илэрхийлье. Удахгүй би дайрч орноо. 😉
Бусад маань ч анхаарал хандуулна байх хэмээн найдаж байна.

ОпенОфис.оргийн энэ хувилбар дээр монгол бичгээр бичих боломж өмнөхийн адил орсон ба харин дүрмийн алдаа шалгагч үндсэн пакетад биш өргөтгөл маягаар орсон болно. Энэ нь ОпенОфис.орг бүх дүрмийн алдаа шалгагчийг өргөтгөл байдлаар оруулах болсонтой холбоотой билээ. Гэхдээ та монгол хэлний дүрмийн алдааг хаа нэгтэйгээс татаж авах шаардлагагүй. Түүнийг хамт багцалсан. Харин та зөвхөн суулгах л хэрэгтэй.
Өргөтгөл удирдлага руу ороод үндсэн програмын лавлах доторх openoffice.org3/share/extension/install дотор dict-mn.oxt гэсэн өргөтгөл байгаа. Түүнийг сонгон суулгана уу. Энэ дүрмийн алдаа шалгагч мөн сайжирсан бөгөөд урьд нь миний дурдаж байсан алдаа засагдсан болно. Хэрвээ таМонголоос өөр хэлний хувилбар хэрэглэж байвал монгол хэлний дүрмийн алдаа шалгагчийг http://extensions.services.openoffice.org/ хаягаас татаж аваад ашиглах боломжтой.

Mongolian version of Openoffice.org 3.0 missed

Monday, October 20th, 2008

ОпенОфис.орг 3.0 гараад дариу долоо хоножээ. Энэхүү хувилбарт монгол хэл албан ёсоор орсон байх ёстой боловч опенофис.орг холбооны суулгац бэлтгэгчийн хариуцлагагүйгээс болоод орж чадсангүй. ( http://www.openoffice.org/issues/show_bug.cgi?id=91228 ) Тиймээс өнөөдөр би монгол хувилбарын бүтээлтийг (build) эхлүүлэв. Гэвч энэ нь сохорсон биш завшив гэгч болж байгаа юм. Учир нь хэрвээ опенофис.орг албан ёсны монгол хувилбарыг гаргасан бол монгол бичгээр бичих боломж болон монгол бичиг фонт орох боломжгүй байлаа. Учир нь тэд 3.1 хувилбарт орохоор төлөвлөгдсөн байв. Яагаад гэвэл энэ оны 4 сард 3.0-н кодын модонд суурь өөрчлөлт оруулахыг хаасан байсан билээ. Тиймээс 3.0-ын хоёр хувилбар (нэг нь SUN-с нөгөө нь ОпенМН-ээс) гарч толгой эргүүлэхгүй амар болов.
Мягмар гаригаас өмнө виндовс, линүкс rpm,deb хувилбаруудыг бэлтгээд дуусчих байх.
Мөн өнөөдөр 2.4 хувилбарыг хэр татаж авсан тухай статистикийг хартал 9, 10 сард виндовс хувилбарыг 5039, линүкс хувилбарыг 414 удаа татаж авсан байгаа нь чамлахааргүй үзүүлэлт санагдав.

Website of mn.Openoffice.org updated

Monday, October 13th, 2008

За мн.ОпенОфис.орг вебийг шинэчиллээ. Орж үзээд санал бодлоо тэдэнтэй хуваалцаарай. 🙂 Алдаатай болон дутуу зүйлс нэлээн бий. Яваандаа сайжраад явна гэдэгт итгэж байна. HTML код гараар сайн бичдэг оюутан залуусыг хамтраарай гэж хүсье! Мөн монгол ОфенОфис.орг албан програмын баримтжуулалт болон чанарын шалгалт хийх боломжтой хүн байвал холбоо барина уу. Та заавал програмист бай албагүй. ОпенОфис.орг-ийг сайн хэрэглэдэг хэрэглэгч байхад л хангалттай. Мөн ОпенОфис.орг-ийн монгол хувилбар удахгүй гарна.

Mongolian team activity of OpenOffice.org translation

Sunday, October 5th, 2008

ОпенОфис.орг Монгол орчуулгын багын үйл ажиллагааны идэвхийг 2008 оны 8 сар хүртэлх SVN repostiry дахь илгээлтийн протоколл дээр суурилан үзүүллээ.

Нээлтэн дээр үзүүлнэ гэж байгаад мартчихсан байна шүү.

A bug in mongolian Hunspell package

Monday, September 22nd, 2008

За монгол ОпенОфисыг хэрэглэж буй та бүхэн дүрмийн алдаа шалгагч дээр сэтгэл дундуур байгаа байх. Учир нь үгийн дүрмийн алдаа шалгагч олон буруу үг санал болгож байгаа. Энэ нь сүүлд http://www.openoffice.org/issues/show_bug.cgi?id=92263 хаягт дурдагдсанаар Hunspell-ын зохиогч Nemeth László -гийн санал болгосон автомат хэрэгслээр дагаварын хүснэгтийг үүсгэсэнээс болж гарчээ. Энэ тухай би László-д мэдэгдсэн ба удахгүй алдаа засагдах байхаа. Тэр болтол та бүхэн миний анх гаргасан Аспеллд нийцтэй хувилбарыг хэрэглэнэ үү. Яаж?
Виндовс хэрэглэгчид:
http://www.openoffice.org/nonav/issues/showattachment.cgi/55430/mn.tar.gz хаягаас mn пакетыг татаж авч задлаад (7zip, tugzip ашигла. 7zip ашиглах бол эхлээд задарсаны дараа үүссэн .tar файлыг нь ахиж задлахаа мартав) задарсан файлуудыг C:\Program Files\OpenOffice.org 2.4\share\dict\ooo руу дарж хуулна уу.
Линүкс хэрэглэгчид задалсан файлуудаа /opt/openoffice.org2/share/dict/ooo хаяг руу хуучин байгаа файлуудыг нь дарж хуулна уу. Удахгүй ОпенОфис 3.0 хувилбар гарах ба хэрвээ энэ алдаа ойрын үед засагдахгүй бол Аспеллд суурилсан huspell пакетаа ашиглан гаргана аа. Асуудал гарвал сэтгэгдлээр хэлэлцэнэ үү.

Опенофисын анхны монгол хувилбар гарлаа

Thursday, July 31st, 2008

Нөр их ажил, урт удаан хугацааны дараа бид ОпенОфисын 2.4, 3.0 хувилбаруудын хэрэглэгчийн гадаргуун хэсгийг бүрэн нутагшуулж дууслаа. Мөн үүний хажуугаар кирилл монгол хэлнийхээ дүрмийн алдаа шалгагчийг хийж, босоо монгол бичгээрээ бичих системийг нэмж холболоо. Босоо монгол бичгийн системд MongolianScript хэмээх нэртэй Монгол бичгийн фонт, гарын драйвер зэргийг хийснээс гадна ОпенОфисыг босоо чиглэлд зүүнээс баруун чиглэлд бичих боломжтой болгосон билээ.
Бидний амлаж байснаар өнөөдөр Монгол ОпенОфис төрлөө. Энэхүү програмд дээр дурдсан бүх боломжууд орсон болно.
ОпенОфис нь зөвхөн Майкрософт офисын нөгөө хувилбар биш бөгөөд түүнээс хавьгүй илүү албан програмын цогц систем юм. Учир нь энэ програм хангамж зөвхөн виндовс ПК бус Юникс,Линүкс, Мак, СПАРС гэх мэт бусад бүх суурь үйлдлийн системүүд дээр ажиллана.
Опенофис нь дэлхийн хамгийн том нээлттэй эх бүхий програм хангамж бөгөөд лицензийн төлбөргүй, бүрэн өөриймсгөн хэрэглэх боломжтой програм юм.
Одоо энэ гайхалтай програм хангамжийг та монгол хэл дээрээ хэрэглэх боломжтой боллоо!
Энэхүү програмыг нутагшуулахад хамтран зүтгэсэн
Мятавын Эрдэнэчимэг ‍(мөн MongolianScript фонтыг хийсэн),
Дашдоржийн Анарболд,
Нарантунгалагийн Цэцболд,
Нямсүрэнгийн Баярхүү,
Цогтгэрэлийн Гантөмөр,
Баатаржавын Батжаргал
Мөн шалгалт шүүлэг хийж, санал бодлоо илэрхийлж идэвхтэй оролцсон
Энхтайваны Баярсайхан,
Бэх-очирын Мөнхзул,
Дашын Энхбат
нарт гүн талархал илэрхийлье! Мөн монгол хэлний үгийн санг нийлүүлж үг зүй дээр хамтран ажиллаж буй Батмөнх, монгол бичгийн дэмжилт хийхэд хуучин оролдож байсан кодоо явуулж тусласан төвдийн багийн ахлагч Жинянмин, шалгалт хийх болон аргачилал техникийн тал дээр тусалж дэмжиж байсан Германы ОпенОфис баг, SUN корпорацын ОпенОфис/СтарОфис хэсгийн програмын менежер Жоост нарт тусгайлан талархал илэрхийлье.
Мөн их бага ямар нэг хэмжээгээр энэ үйл хэрэгт оролцсон, дэмжиж байсан энд нэр нь дурдагдаагүй бүх хүмүүст талархал дэвшүүлье!

Монголын багийн хаяг: http://mn.openoffice.org
Програмыг татаж авах хаяг: http://mn.openoffice.org/about-downloads.html
Нээлтийн үйл ажиллагааны хаяг: http://wiki.services.openoffice.org/wiki/MN/OpenMn2008Ulaanbaatar 😉

Сүүлийн хэдэн өдөр миний хамаг хүч шавхагдсан боловч гарсан үр дүнг хараад амттай байнаа. 🙂

08.08.08 – Нээлттэй монгол чуулган

Monday, July 7th, 2008

За ойрын үед улс орноор маань юу юу болоод байнаа. Иргэн хүний хувьд улс төрийн заваан балиар мангаануудыг шүүмжилсэн нэг өгүүлэл бичиж байгаад дундаас ой гутаад үргэлжлүүлэлгүй ноорогтоо хадгалаад орхичихлоо. Мэргэжил, ажил, хувийн амьдралынхаа тэмдэглэлийг хөтлөдөг энэ блогоо улс төрийн муухай зүйлсээр гутаахаа болихоор шийдэв.
Харин Опенофисын орчуулгын ажлаа дууссаны, өнөөг хүртэл монгол нээлттэй эх бүхий програм хангамжийг хөгжүүлэх гэж зүтгэж ирсний хувьд нэг томоохон үйл ажиллагаа зохион байгуулахаар шийдэж ОпенМН холбооныхон маань ажиллаж байгаа билээ.
Болох үйл ажиллагааны хөтөлбөрийг опенофисын викид байрлууллаа. Та бүхэн орж сонирхоод http://wiki.services.openoffice.org/wiki/MN/OpenMn2008Ulaanbaatar хүсвэл хүрэлцэн ирээрэй.

Опенофисыг нутагшуулсан 10 том шалтгаан

Wednesday, June 25th, 2008

Гарчигт дурдсан зүйлийг хамгийн чухал гэж үзсэнээсээ эхлээд жагсаая. Хаяа нэг хийсэн зүйлээ тодорхой тайлагнаж байхгүй бол юу хийгээд явааг маань сайн ойлгохгүй хүмүүс нилээд бий нь тодорхой.
Нутагшуулах гэдгийг зөвхөн монгол хэл рүү орчуулах гэж ойлгож болохгүй. Эх кодод зөндөө өөрчлөлт хийсэн. Нэмэлт модуль ч бичсэн билээ. Тиймээс орчуулга биш нутагшуулалт англиар Localization гэж яриад бичээд байгаа. Опенофисыг төлбөргүй болохоор ч тэр үү олон хүнд микрософт офисоос муу гэсэн бодол байдаг. Үгүй. Түүнээс илүү биш юм гэхэд дутаад байх зүйлгүй. Юугаараа? Бүх түгээмэл үйлдлийн системүүд дээр ажиллана. Микрософт офис форматтай ямар ч файлыг боловсруулах чадалтай гээд олон илүү тал бий. Манай монголчуудын хувьд дүрмийн алдаа шалгагч болон монгол бичгээр бичих боломжтой болгосон бүр ч давуу тал. Удахгүй зав гайгүй болоод ирэхээр monconv кодчлол хөрвүүлэгчээ Опенофис нэмэлтээр гарганаа.

1. Эх хэлээ хамгаалах. Эх хэл дээр маань дорвитой шинжлэх ухаан технологийн бүтээл алга, түүнээс болж эх хэл маань мөхөж байна гэж та бүхэн ярьдаггүй билүү?
Тэгвэл нэг ч гэсэн гэхдээ дэлхий дээрх хамгийн том нээлттэй эх бүхий програмын цогц монгол хэл дээр байж байг.
2. Тусгаар тогтнолоо мэдрэх гэж. Дэлхийн хамгийн том нээлттэй эх бүхий програм хангамжийг Монголчууд эх хэл рүүгээ нутагшуулаад монголоор хэрэглэж байна гээд яригдаж л таараа. Mongolian/Монгол гэдэг үг тухайн програмын нилээн олон газар нэмэгдсэн байх шүү.
3. Замбараагаа алдсан монгол хэлний дүрмийн алдааг багасгах гэж. Монголд одоо микрософт Офистой хамт хэрэглэдэг олигтой! дүрмийн алдаа шалгагч байхгүй л байна. Опенофис дүрмийн алдаа шалгагчаа маш сайн гэж хэлж чадахгүй ч өнөөг хүртэл монголд гаргаагүй байгаа чанартай гаргана. Нээлттэй эх бүхий гаргах тул бүгдээрээ сайжруулаад явж болох байхаа. Дүрмийн хувьд Ц.Дамдинсүрэн Б.Осор нарын дүрмийг барина. Улсын Их Хурлаар албан ёсоор баталсан хамгийн сүүлийн дүрэм тул энэ л албан ёсных, хууль ёсных.
Манай хэлний их мэдэгчид өөр өөрийнхөөрөө дүрэмдэж ард түмнээр тоглож байна. Бидний үеийнхэн өөрсдийгөө хэзээч зөв бичиж байна гэж итгэж чадахаа больсон шүү дээ. Үүнийг зогсооё. Бүгдээрээ эх хэлнийхээ эзэд байя! Бид үг шинжлэлийн явцад хүндрэл гарвал дүрэмд бүрэн ороогүй ч юмуу тодорхой бус эсвэл байхгүй зүйлсийг хэлэлцээд сайжруулаад явж болно. Гэхдээ тэр тохиолдолд энэ дүрмээ сайжруулаад заавал улсын их хурал тогтоол гаргасан үед л дүрмийн алдаа шалгагчдаа оруулан тараадаг тийм боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана.
4. Өнөөг хүртэл монгол хүний бахархдаг зүйл Чингис хаанаас өөр юу билээ? Босоо монгол бичиг маань бус уу? Олон олон жил өнөөг хүртэл бид Глобал шийдэлд хүрч чадаагүй. Монголд хэвлэлийнхний “СУДАР”, өвөр монголд өөрсдийн програмаа хийгээд хэрэглэдэг ч үндсэн стандарт байхгүй. Бид Юникод стандартаа барина. Энэхүү стандартад монгол бичгээ оруулсан, бидний ажил үйлсэд үргэлж тусалж, сэтгэл санааны дэмжлэг өгч, энэ опенофисын орчуулгад хүртэл оролцсон М. Эрдэнэчимэг эгчдээ энэ ялдамд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье!
Опенофис дээр монгол бичгээрээ бичих боломжтой болголоо. Таны хийсэн суурь бүтээл байгаагүйсэн бол чиглэлийг өөрчлөөд ч яаж монгол бичгээрээ бичихсэн билээ.
5. Хууль ёсоор байцгаая. Монголд хууль ёсоор нь Микрософтын бүтээгдэхүүнийг худалдан авч ашигладаг газар хуруу дарам байж ч магад үгүй ч байж магад. Монголын төрд л лав байхгүй. Томоохон гадаад эзэнтэй банкнуудаас өөр ч бараг л байхгүй байхаа даа. Бид чинь ялангуяа хувь хүмүүс тэдгээрийг худалдаж аваад байхаар баян гэж үү? Тэгвэл Опенофис төлбөргүй лицензтэй шүү дээ. Түүнийг хэрэглэе л дээ.
6. Албан ёсоор төлбөргүй лиценз бүхий цогц програм монгол хэл дээрээ хэрэглэж, иргэн бүрээсээ эхлэн улсын хөрөнгөө хамгаалъя. Микрософт монгол руу орох нь тодорхой л байсан л даа. Харин хэзээ гэдэг нь ? байсан. Ойрд харин яаравчлан орж байна гээд л манайхан хөөрцөглөж байсан. Хичнээн их монголын хөрөнгө тэр мангас руу урсах бол? Хичнээн компани шүүхэд очиж гарлага гарах бол? Албан ёсоор лицензээ худалдаж аваагүй бол монгол Опенофисыг гарангуут хэрэглээрэй. Энэ оны 7 сарын 31 шүү.
7. Монгол хэлтэй хүн хүн биш гэж үү? Үгүй ээ! Тиймээс гадаад хэл мэдэхгүй настан буурлуудаас авахуулаад сурч амжаагүй байгаа хүүхэд багачууддаа зориулсан юм. Унаган англи хэлтэй л биш бол та бас хэрэглээд үзээрэй. Дутуу юмуу ойлгохгүй зүйл байвал шууд http://mn.openoffice.org/about-issuezilla.html. Тухайн өдөр нь биш юм гэхэд тэр сард нь багтаагаад засчихна.
8. Нээлттэй эх бүхий програм хангамжийг монголдоо хөгжүүлье. Олон хэрэглэгчийг татаж том түлхэц болно гэдэгт итгэж байна.
9. Нээлттэй эх бүхий програмуудын орчуулгыг чанаржуулъя. Үүнд мөн том түлхэц өгнө гэж бодож байгаа. ОпенМН-ээс монгол хэл рүү орчуулж байсан бүх орчуулгаа Опенофисын нэр томьёонд байгаа үгсээр сэлбэж засварлах төлөвлөгөө бий. Мөн нэр томьёоны толийг нээлттэй байдлаар http://www.openmn.org хаягт тавьсан байгаа.
10. Хэн хүссэн хөгжүүлэгч, программист нь өөрийн хүссэнээр өөрчлөөд хэрэглэчихдэг офис програм хангамжтай болъёо гэж. Болох ч юу байхав байсан л даа. Монголчлоод нутагшуулаад нэвтрүүлээд ирэхээр гайгүй олон хөгжүүлэгчид татагдах байх гэж найдав.

Бусад шалтгааныг дурдвал цаг, зай их үрэх хэрэг болох тул ингээд зогсооё.
Үүнийг хийхийн тулд би бүтэн жил шөнийн 3,4 цагаас хойш унтаж, ууртай уургүй өглөөний 9 цагаас ажилдаа шогшиж, эхнэр хүүхдээ ч халамжаар дутаан явж дуусгав.
Тиймээс ямар ч гэсэн эцсийг нь үзэж байгаагийнх юуны өмнө надаас дутуугүй тэвчээр гаргасан хайртай хань болон охиндоо хамгийн ихээр талархаж байна.
Мөн хувиараа хийж байсан олон ажлаа хойш тавив. Намайг ойлгон сэтгэлийн дэм өгч байгаа (дарамтлахгүй байгаа ч гэж болох юм тээ 🙂 ) андууд нэр дурдвал Цэрэнбат, Тамир, … андуудаас хүлцэл өчье.
Мөн энэхүү үйлст хамтран зүтгэсэн олон нөхөддөө талархаад цааш улам ихийг бүтээхийг ерөөе. Ойр тойрныхон тань та бүхнийг ойлгож талархан хүлээн авах нь дамжиггүй.