ОпенОфисыг (OpenOffice) монгол руу орчуулах ажил 2004 оны сүүлчээр эхэлсэн болохыг нилээн олон хүн мэддэг билээ. ОпенОфис-ын орчуулга маш удаан явж байгаад ойрын үед зогсоход хүрлээ. Учир нь миний түүнд гаргах зав чөлөө муудсан ба хамтран орчуулж эхлэж байсан хэдэн нөхөд замын дундаас алга болжээ. Мөн замын дундаас өөр хүмүүс орж ирсэн боловч бас л алга болов. Сүүлийн үед орчуулга яаж байна юу болж байна гэсэн хүсэлт захидалууд ихээр ирэх болсон ч өөрсдөө оролцож буй нь үгүй. Би ганцаараа зүтгүүлсээр хэзээ нэг цагт дуусгах л байх. Гэхдээ хэрэгцээ нь ихсэж байгааг харгалзан хурдан дуусгах хэрэгтэй мэт санагдсан юм. USI -с ОпенОфисын 2.1 хувилбарыг бидний орчуулга дээр суурилан туршилтын хувилбар болох нэгэн виндовс хөрвүүлэлт хийсэн харагдсан. Тийм чанаргүй байж болохгүй байхаа. Маш системтэй үлгэр жишээ хийж чадахгүй бол хойч үедээ буян биш нүгэл үйлдсэн л хэрэг болох биз. Тиймээс би яаравчлан ямар нэг чанар муутай хувилбар гаргахыг эрс эсэргүүцэж байгаа.
Англи монгол хэлний мэдлэг сайтай орчуулах хүсэлтэй хүн байвал холбоо барьж хамтран ажиллахыг уриалж байна. Миний имэйл хаяг: badral(at)openmn.org Хамгийн гол нь замын дундаас хаяхгүй чин шудрагаар зав гаргаж чадах хүмүүс хэрэгтэй байна. Чанарын сайжруулалт, монгол хөрвүүлэлт болон шалгалт хийхэд орчуулга хийхээс илүү их цаг алдаж байгаа тул би өөрөө цаашид орчуулга хийх цаг маш бага гарч байна.
Одоогийн байдлаар нэр томъёо бүрэн орчуулагдсан ба хэрэглэгчийн нүүрний хэсгийн 84% орчуулагдсан. Тусламж болон бусад баримтын файлууд орчуулагдаагүй байгаа. Опенофис нийгэмлэгтэй хамтран албан ёсоор энэ ажлыг хийж байгаа байгууллага нь ОпенМН ТББ болно. Нэр томъёоноос бусдыг би бараг ганцаар хийлээ.
Ялангуяа их дээд сургуулиудаас хүмүүс байвал илүү үр дүнтэй болох болов уу гэж найдаж байна. Бүгдээрээ хамтраад энэ нэг томоохон төслийг дуусгачихвал бидний ирээдүйд мөн ч их хэрэгтэй дээ. Янз бүрийн албан газар, пүүс компани дэмжихгүй бол орчуулгын хөлс ч юмуу урамшуулал өгөх боломжгүй юм даа. Харин хожимын нэгэн өдөр миний бизнес амжилттай явбал би өөрийн зүгээс урамшуулал өгөх болно. Цаашид засаж сайжруулж авч явахад асуудал нэг их гарахгүй болно. Учир нь ОпенМН-ы онлайн орчуулгын систем энэ ондоо багтаад ажиллагаанд орчих байх.