Badral's personal blog
Интернет миний ертөнцийг хардаг цонх …

October, 2007Archive for

Германы элит их сургуулиуд

Monday, October 22nd, 2007

Герман улс нийтдээ 9 элит их сургуультай болов. Эдгээр элит сургуулиуд нь улсаас жил бүр олон сая еврогоор ивээн тэтгэгддэг байна. Энэ жил нийтдээ 1,9 тэрбум евро гэж заагджээ.
Техникийн их сургууль TH Karlsruhe (Информатикийн сургалтаар маш сайн. Герман даяар №1 -т жагсдаг)
Техникийн их сургууль TU München (Информатикийн сургалтаар маш сайн. Герман даяар №3 -т жагсдаг)
Их сургууль Uni München
Техникийн их сургууль RWTH Aachen (Информатикийн сургалтаар маш сайн. Герман даяар №2 -т жагсдаг. Электроник, машин механикийн инженерийн сургалтаар германы №1 гэгддэг)
Их сургууль Freie Universität Berlin
Их сургууль Albert-Ludwigs-Universität Freiburg
Их сургууль Georg-August-Universität Göttingen
Их сургууль Ruprecht-Karls-Universität Heidelberg
Их сургууль Universität Konstanz

Эдгээр сургуулиудад суралцаж байгаа болон сурахаар зэхэж буй бүх монгол залуустаа сурлагын өндөр амжилт хүсье!

Monconv for MS office

Friday, October 19th, 2007

Зарим нэг хүмүүсийн урьд нь хүсэж байсан хүсэлт болон Батзаяагийн хүсэлтийг биелүүлж сүүлийн 2 өдөр ажлаа тараад Monconv хөрвүүлэгч дээрээ жаахан сууж ямар ч гэсэн MS Word, MS Powerpoint, MS Excel дээр ажилладаг болгов. Маш яаруу бичсэн тул Вордоос өөр програм дээр туршсангүй. Зарим формат алдагдуулж байгаа харагдсан. Гэхдээ ямар ч гэсэн кодчилол нь зөв хөрвүүлэгдэж байгаа болно. Дараа сайжруулая.
Энэ хаягаас татаж аваад Monconv 1.1 for Office -г суулгаарай.
VBA script бичих гэснээ болиод ирээдүйг нь харж COM интерфэйсээр Офисын Залгаас програм маягаар бичсэн болно. Хийсэн орчин нь VS 7.1 байсан ба Офис нь MS Office 2003 байсан тул MS office 2003 ашиглахыг зөвлөе.
Одоогоор олон алдаа мадаг байгаа альфа хувилбар гэхүү дээ. Хэрэв та туршаад алдаа илрүүлбэл тэр тухай нь энэ бичлэгт сэтгэгдлээр нэмээрэй.
***************** Засвар ******************
Яарч сандраад суулгац бэлтгэсэнийхээ дараа шалгаагүй нь бурууджээ. Суулгац бэлтгэх үедээ зохиогчийн талбарыг хоосон орхисоноос болоод суухгүй байжээ. Одоо зүгээр суух байхаа.

Википедиа дээрх програм хангамжийн инженерчлэл

Monday, October 15th, 2007

Өнөөдөр өдрийн цайны цагаараа Монгол википедиа дээрээ ганц бичлэг нэмэрлэв. Програм хангамжийн инженерчлэл хуудас хоосон байсныг нөхөв. Цаашид зав чөлөөндөө баяжуулаад байхыг хичээе.
Та бүхнийг ч мөн зав чөлөөндөө монгол википедиагаа ганц ч болсон бичлэгээр баяжуулж байхыг урайлж байна.

Өөрийн тухай

Monday, October 1st, 2007

Энэ блогоор зочилон санал бодлоо илэрхийлж, ганц нэг хэрэгтэй зүйлс байвал уншиж суудаг танд баярлалаа. Блогийн статистикаа өнөөдөр хальт хартал 5 сард 500 товшилттой эхлэж байсан блог маань дариу нэмэгдэн 8 сард 7360 , 9 сард 9222 болон нэмэгджээ.
Хэдийгээр зав зайны боломжоос шалгаалан өөрт байгаа зүйлсээсээ хагас хугас ч болов хуваалцахаар энд цөөн бичлэг оруулдаг боловч ингэж өсөж байгааг хараад өөрийн эрхгүй баярлав.
Хэрэггүйгээсээ хэрэгтэй нь арай их байдаг юм байна гэж найдаж байна. Ингээд хамгийн тод санагдаж байгаа тул өөрийн тухай эхнээс нь биш сүүлээс нь эхлэн товч хүүрнэе.
Та бүхэнд миний хувийн амьдрал ямар хамаа байхав тиймээс линүкстэй хэрхэн танилцаж нөхөрлөсөн тухайгаа бичвэл арай сонирхолтой юм болов уу.
КТМС хэмээх сургуулийг 1999 оны өвөл төгсөж 2000 оны дундуур германд ирж намраас нь герман хэл үзэж эхлэв. 2002 онд Аахэн хотын техникийн их сургуульд сурч эхлэх тэр цагаас эхлэн линүкстэй танилцсан юм. Шинэ оюутан болох үед бүх зүйл шинэ хэцүү байсан нь ойлгомжтой. Ингээд анх сургууль дээрээ очиж хамгийн түрүүнд компьютерийн лабораторт нь бүртгүүлж тэр дороо тэнд суух эрх олж авлаа.
Ингээд л жигтэйхэн баясгалантай амьтан эхний компьютер дээрээ суутал огт танихгүй юм байлаа. Бусад бүх хүн чөлөө завгүй тачигнуулж байгааг хараад ажиллаж чадахгүй санаа зовоод хажуугийн нөхрийг сэмхэн харлаа. Өнөө ДОС дээр байдаг Нортон маягийн хөх юм гаргачихсан байна. За эхлээд арай танил юм тэрийг л гаргаж ирэх гээд үзчихэв. Дийлсэнгүй ээ. (midnight commander шүү дээ) Ингээд нэтскаф вэб хөтөч олж ганц нэг имэйл үзэж хэдэн мэйл биччихээд гарсан юм. Тэр нь Гноме дэлгэцийн систем бүхий Дебиан линүкс байсан хэрэг. За яаж виндовстой юм олдог юм билээ гэсэн бодол л толгойд эргэлдэж байв. Тэгээд 2-р лаборатор луу нь очиж үзтэл 4 ширхэг виндовстой компьютер олдов.
Бөөн баяр тэдгээрийн нэг дээр суудаг болов. Гэтэл хэд хоногийн дараа тэр 4 ПК дээр оочер дараалал үүсээд (ихэнх нь энэтхэгүүд) нэг л бишээ. Ингээд лаборантаас өөр ПК асуутал байхгүй. Энэ 4 бол зүгээр л виндовс дээр зайлшгүй тестлэх хэрэгтэй зүйл л гарвал хэрэглэдэг системүүд. Тэрнээс үргэлж хэрэглүүлэх гэж ч тавиагүй. Бүх ПК соларис болон линүксээр тоноглогдсон. Тиймээс та тэдгээр дээр ажиллаж сурхаас аргагүй гээд нэг соларис систем дээр намайг авчирч суулгаад лаб-ын зөвлөмж болон нэг инратнет хуудас нээгээд юникс төст системүүдийн гарын авлага гаргаж өгөөд явчихав.
Ингээд Sun solaris хэмээх системтэй нөхөрлөж эхэлсэн юм. Даалгаварууд ихэвчлэн ADA, JAVA, ERLANG, MODULA3 хэлүүд дээр ирдэг байв. Тэдгээр нь соларис дээрээ бүгд суучихсан байдаг байсан тул асуудал гарахгүй ажиллачихдаг байлаа. Нэг гологддог юм нь маш хуучин интернэт хөтөчтэй тул зарим сонирхолтой хуудас үзэж чадахгүй байв. Ингээд линүкс дээр суутал өөрт зарим нэг програм суулгах эрхтэй байсан тул тэнд шилжин суудаг болсон юм. Ингээд 2-р курст орох зун гүрийтэл ажиллаж байгаад нэг сайн ПК худалдаж авсан ба түүн дээрээ Free BSD 4.7 суулгасан юм. Суулгах гэж мөн ч үйлээ үзсэн дээ. Дараа нь X-Window арайхийж суулгасан санагдана.
Нэгэн өдөр ангийн анд Andriy WLAN сургуулиас татах гэж манайд зочилов. Би сургуультайгаа их ойрхон амьдардаг байсан тул хоёулаа туршиж үзье гэж тохирсон байсан юм. Гэтэл нөгөө нөхөр ухуулж гарлаа. Украйнд байхдаа Free BSD хэрэглэдэг байсан ийм амбасын үеийн муухай ядаргаатай юмаар яахнав гээд сургууль ороод дөнгөж гараад байсан SuSE 8.0 линүкс авчираад суулгачихлаа. Хашир өөрөө сүлжээний тэнхимд (одоо тэндээ докторт сурч байгаа) эрдэм шинжилгээний туслахаар ажиллаж байсан тул миний хажууд баян байв.
Ингээд SuSE-тэй нилээн удаан саяханыг хүртэл зууралдсан даа. Анх SuSE дээр сууж эхлэх үед монголоор бичих төвөгтэй байлаа. Өөрөө нэгэн гарын драйвер бичиж суулгаад ашигладаг болов. Тэр үед нэг хэсэгтээ л ёстой эрх чөлөөтэй жинхэнэ сайхан санагддаг байв. Сүүлийн үед хөгжүүлэл хийх багасвуу эсвэл дасчихсан ч юмуу тэр үеийнх шиг биш болжээ.
Нэгэн өдөр санамсаргүй лаб-д ортол Андрей анд орос хэл дээрээ ажиллаад сууж байхын. Өө чи орос хэл дээрээ ажиллаж байгаа бол би монгол хэл дээрээ ажилланаа гээд ухтал олддоггүй ээ. Нөгөөх маань ч гайхаад үгүй баймаар юмаа хачин хачин улс байхад монгол байхгүй гээд хамт ухаж байгаад за байхгүй юм байна гээд болив. Түүнээс хойш яагаад ингээд монгол хэл байдаггүй байнаа гэж бодож явдаг болов. Нэгэн өдөр тусламж уншаад сууж байтал санал хүсэлт байвал КДЭ баг руу холбоо барина уу гэсэн өгүүлбэр олоод яахаараа монгол хэл байдаггүй байнаа гээд баахан гомдол бичээд явуултал Дирк гэдэг нөхрөөс “уучилаарай бид монгол хэл мэдэхгүй хамтран ажилладаг монгол хүн байхгүй, тиймээс та бүхэн л оруулах ёстой шүү дээ. Хүсвэл хамтран ажиллаад чи хэлээ өөрөө оруул” гэсэн захиа ирсэн юм. Ингээд орчуулга хийдэг бөөн ажилтай болж удалгүй ОпенМН багийг байгуулав. Хожим нь яг тэр лаб-д өөрийн хийсэн монгол орчуулгатэй систем дээрээ ажиллаж нөгөө Андрей анддаа үзүүлж кайф авч чадсан даа.
Орчуулга овоо болоод ирэхээр нь Соёмбо хэмээх монгол линүкс гаргаж үзвээ. Суулгах хувилбарыг ямар нэг дэмжлэг орж ирвэл гаргая гэж бодсон боловч нэг ч хүн дэмжиж туслаж, хамтран ажиллаагүй тул туршилтын хувилбараас цааш хэтрээгүй. Гол нь хамтран ажиллачих, хааяа зав гаргачих, чадварлаг программист хүн л хэрэгтэй байсан юм. Ганц хүн дийлэх ажил биш байлаа.
Угаас миний анх оюутан болсон цагаас эхэлсэн мөрөөдөл бол өөрийн гэсэн үйлдлийн систем гаргах л байв. (Саяханаас хоббигоороо цоо шинээр юникс ч, линүкс ч , виндовс ч биш нэг систем эхлүүлсэн) Netwide Assembler (NASM) ашиглан 386 архитектурт эхлүүлэгч бичиж үзэв. Цөмөө ачаалчихвал цааш С,С++ хэл дээр хийгээд явбал зүгээр юм гэж бодож байтал гацаанд орчихсон л байгаа. Учир нь толгой файлуудын функцүүд тухайн үйлдлийн системээс хамааран зохиогдсон байдаг тул… Ассемблер дээр цааш зүтгүүлбэл дуусгаж бараг чадахгүй биз. Гэхдээ санаад явж байтал нэг арга олдох биз. За энэ хобби ч яахав.
Иймэрхүү байдлаар линүкс хэмээх системтэй нөхөрлөж өнөөг хүртэл ашиглаж явна даа. RWTH хэмээх их сургууль надад их юм өгчээ. Хамгийн энгийн нэг жишээ энэ юм байна.