Өнөөдөр санаадгүй ийм мэдээ уншаад элэг хөших шахав. Ийм солир ч гэж хаа байхав дээ. Хадаг тавиад өрөөндөө аваачин шүтсэн ч гэх шиг. Сүүлийн үед иймэрхүү юм уншиж сонсохоор уур нэлээн хүрдэг болоод байгаа нь юутай холбоотой юм бүү мэд. За шалдар булдар юм ч яахав. Сансраас унасан хог шүтэж байхад цаана чинь америкчууд тэр хогийг чинь хэр хөрөнгөөр яаж хөөргөж яаж судалж яах гээд судлаад байгааг дуулгая даа.
1969 оноос хойш хүмүүс саран дээр хүнтэй хүнгүй хөлөг хөөргөн ихэд судалсан бөгөөд ус байхгүй хуурай хэмээн нотолж байсан боловч нэлээн хэдэн жилийн өмнөөс сарны дурангийн судалгаагаар саран дээр ус мөс хэлбэрээр байгаа гэж таамаглах болж гурван ч хиймэл дагуул бие биенээсээ хамааралгүйгээр сарны 3 өөр газраас ус мөсний мөр олсон гэгдсэн бөгөөд түүнийг бодитоор батлахаар өнгөрсөн оны 6 сарын 18-нд амеркчууд флорида мужаас LCROSS (Lunar Crater Observation and Sensing Satellite) хэмээх 79 сая долларын төслийнхөө хүрээнд 2 хөлөг хөөргөсөн билээ. Үүнийг science сэтгүүлээс эсвэл гүүглээс хялбархан мэдэж болно.
За ингээд LCROSS ба LRO хөлөгт 2 тонн жинтэй пуужин тус тус үүрүүлж хөөргөсөн бөгөөд хөлөгт судалгааны хэрэгслүүд болон тус бүр 5 камер байрлуулсан байна. Ингээд 2009 оны 10 сарын 9-ний өдөр улаанбаатрын цагаар 20:30 үед үүрүүлсэн 2 пуужингаараа сарны урд туйлыг 9000 км/ц хурдаар бөмбөгдсөн байна. Үүний зорилго нь сарны урд туйлд -240 хүртэл хэмийн хүйтэн бөгөөд олон сая жил нарны гэрэл тусаагүй цэгийг (Cabeus A) мөс агуулж байх хамгийн өндөр магадлалтай хэмээн үзэж түүнийг бөмбөгдөн 50 км өндөр тоосон үүл үүсгэж тэрхүү тоосыг шинжлэх байлаа. Төсөл ч яг төлөвлөсөн дагуу болж 10 км диаметр бүхий 50 км орчим өндөр тоосон үүл үүссэн бөгөөд судалгааны дүнгээр 2009 оны 12 сард саран дээр ус байгаа гэдгийг бүрэн нотолсоноо NASA мэдэгдсэн билээ. За ус байдаг л юм байгаа биз, яах гээд ингэж их хөрөнгө гарган сарыг сонирхоно вэ?
Хэрвээ саран дээр ус байхыг баталчих юм бол хүмүүс сарыг дор нь колончлох боломжтой болох юм. Сарыг колончлоод ямар ашигтай гэж?
1. Саран дээр Helium-3 хэмээх дэлхий дээр маш ховор байдаг бодис агуулсан эрдэс асар их хэмжээгээр байдаг байна. Энэ нь цөмийн нэгдлийн (kernfusion) хүчээр асар их энерги байгальд ямар ч хоргүйгээр энерги гаргах боломжтой болох ба хүн төрөлхтөн өнөөг хүртэл тийм механизм байгуулж чадаагүй тул итгэхэд бэрх. Гэвч атомын цахилгаан станцад хэрэглэсэнээр байгальд ямар ч хорт хаягдал гаргахгүй энерги үйлдвэрлэх боломжтой болох юм. Үүний тулд тэрхүү түүхий эдийг дэлхий рүү зөөвөрлөх бөгөөд оронд нь хүчилтөрөгч, устөрөгч болон үйлдвэр барихад шаардлагатай зүйлсийг сар руу зөөвөрлөнө. Энэ нь эдийн засгийн хувьд алдагдалгүйгээр барахгүй ашигтай гэдгийг эдийн засагчид батлаад байгаа.
2. Ашигт малтмал олборлох боломжтой. Энэ олборлолтонд зориулсан машин механизмыг загварчлах уралдаан намайг энд оюутан байхад (2004/5 оны үед) NASA-гаас 500 000 $ шагналтайгаар зарлагдаж байсан. Мөн түүнтэй төстэй уралдаан германд ч SUN corporation-оор дамжин зарлагдаж байсныг санаж байна.
3. Сарны туйл дээр бараг байнга нар тусдаг байршлууд байдаг бөгөөд мөн саран дээр нарны цахилгаан үүсгүүрт шаардлагатай бүх түүхий эд байгаа нь батлагдсан. Ингэснээр нарны цахилгаан станцаар саран дээрх бүтээн байгуулалтыг хийх боломжтой.
4. Устөрөгч илрүүлснээр саран дээр үйлдвэрлэл явуулж тэндээс дэлхий рүү хөлөг илгээх боломжтой болно. (Энэ нь л ус илрүүлэхийг гол түлхүүр болов уу)
5. Дэлхий дээр туршихад бэрхшээлтэй төслүүдийг турших боломжтой болно.
6. Хүмүүс саран дээр суурьшиж эхэлснээр жингүйдлийн орчинд бүтээн байгуулалт хийх болон амьдрах талаар туршлагатай болж цаашдын гариг эрхэс рүү зочлоход дөхөм болно.
7. Марс руу очих суурийг бүрдүүлж сансрын хөлгийн хамгийн том цэнэглэгч, энергийн хангамжтай буудлыг байгуулах болно.
8. Дэлхийтэй шууд харилцах утсан харилцуур байгуулах боломжтой. Үүний тулд сарыг тойрсон олон хиймэл дагуул хөөргөх эсвэл L2-Lagrange-Point дээр байрлах нэгэн хиймэл дагуул хөөргөхөд хангалттай бөгөөд нэг их удаашралгүйгээр утсаар харилцан ярилцах боломжтой.
За мань яаж мэдэхэв цаашаа олон эерэг талууд, сөрөг ч талууд байгаа биз. Гэсэн ч ямар ч гэсэн 2024 он гэхэд хүн суурьшин ажиллах боломжтой болгоно гэж зарлагдаад байгааг нь харж л байя даа. Тэр болтол амьд мэнд явж л байх байлгүй. 2024 больёо гэхэд 2030-д боломжтой болчих ч юм билүү.
Би уг нь багадаа одон орон судлалд маш дуртай байлаа. Тэгээд л 9-д орохоосоо өмнө их гоё зурагтай Астраноми гэсэн номыг бараг бүгдийг уншчихсан их л додигор амьтан 9-д орсон чинь тэр хичээл програмаас нь ор тас хасагдаад одон оронч болох мөрөөдөл талаар болсон юм даг. Энэ талаар манай улс анхаарах чадалтай байсан бол найдвартай одон оронч болох байсан байх. Гэхдээ програм хангамжийн инженер болсондоо одоо харамсдаггүй ээ.
За үг олдож үхэр холдох нь програмаа бичье. Ажил их байна.
Дэлхийн нөгөө захад иймэрхүү зүйл хийгдэж байхад манайд тэдний 50 жилийн өмнө хөөргөсөн сансрын хөлгийн хогийг нь шүтээд сууж байгааг хараад тэссэнгүй энэ бичлэгийг шивчихлээ.


4 Comments

kkkk · 2010/02/24 at 08:45

mongolchuud zayagui ymoo neree hog shuteed ha hureh bol

Баярхүү · 2010/03/01 at 14:37

Сайн уу, Бадаа?

1т, иймэрхүү марзан юм Монголоор дүүрэн шд. Шүтэж бололгүй яахав. Гэхдээ тэр засаг дарга эхлээд хорт туяа энэ тэрийг нь шалгуулах ёстой байсан юм л даа… Даанч тийм ухаан байхгүй л дээ. Одоо яая гэхэв, элдэв төрлийн хорт хавдар тусвал өөрөө л хохь нь болно доо хөөрхий.

2т, нөхөрсөг зөвөлгөө өгөхөд, тестийнхээ өнгийг жоохон тод хар болгохгүй бол удаан уншихаар нүд чилэх маягтай болжийна…

3т, латин үсгийн стандарт хэрэгтэй юу? гээд нэг юм бичсэн байгаа. Уншиж үзээд санал бодлоо хэлээрэй. (www.bayarhuu.com)

Жич: Мессэнжерт тааралдахгүй болохоор энд баахан юм биччихлээ, уучлаарай. Амжилт хүсье 😉

Almas · 2010/03/06 at 03:57

😀 Гоё нийтлэл байна. баярлалаа.

Шараваа · 2010/05/25 at 13:44

Мэдээлэл өгсөнд баярлалаа. Нийтлэл таалагдлаа

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *