Дижитал ертөнцийн хамгийн том үзэсгэлэн гэгддэг CEBIT-г 3 сарын 7-нд үзэж сонирхлоо. 9 жилийн өмнө анх удаа үзэж мэл ангайж, цэл хөхөрч байснаас хойш нэлээд зүйлс өөрчлөгдсөн нь ажиглагдлаа.
Тэр үед техник хангамжийн шийдлүүд ноёлж байсан бол энэ удаад програм хангамжийн шийдлүүд асар ихээр тавигдаж илт ноёлжээ. Зохион байгуулалтын хувьд нэлээд сайжирсан байна. Pro, Gov, Lab, Life гэж ерөнхийлөн ангилжээ. Гэхдээ нээлттэй эх болон хамгаалалтын хэсгүүд аль алинд нь орсон байсан.
Pro (Solutions for Business Operations) салбарт ERP, CRM гээд бизнес, үйлдвэрийн автоматжуулалт, аюулгүй ажиллагаа, үүлэн тооцооллын шийдлүүдийг байршуулсан байлаа. Энд нэг шүүмжлэлтэй зүйл нь үүлэн тооцооллыг хэт их ярьж байгаа ч найдвартай байдал болон хувь хүмүүсийн орон зай алдагдаж буй талаар дурдах газар байсангүй.
Энэ салбарт SAP ноёрхсон байдалтай байлаа. Гэвч SAP ERP-н төлөөлөлтэй уулзах гэсэн боловч олдсонгүй. Асар олон компаниудын консорциум, алт мөнгөн партнёрууд нь л зогсож байсан.
Cebit Pro
Cebit Pro
Cebit Pro
Cebit Pro
Gov (Solutions for Public Sector) салбарт э-засаглалын шийдлүүдийг танилцуулж германы ихэнх холбооны улсууд болон австри, польш зэрэг улсуудын э-засаглал, нийтийн үйлчилгээний автоматжуулалтын системүүдийг танилцуулжээ. Энэ салбарт цагдаагийн байгууллагын автоматжуулалт, хүн амын бүртгэл ба хаягжуулал, электрон гарын үсэг пасспортын шийдлүүдийг түлхүү танилцуулсныг үзэж сонирхов. Энэ жил Польш улс нүсэр том бүрэлдэхүүнтэй ирсэн байна лээ. Тэд европын холбооны бусад системүүдтэй үндэсний системүүдээ хэрхэн холбосон, холбож буй шийдлүүдээ голлон танилцуулж байлаа. Мөн өөрсдөө өндөр технологи нэвтрүүлж буй улс гэдгээ баталж буй тухайгаа ч дурдаж байв.
Cebit Pro
Cebit Pro
Цахим засаглал, бизнесийн платтформуудын аль алинд нь нээлттэй эхийн булангууд гарсан байлаа.
Cebit Open
Cebit Open
Lab (Research & New Technologies) Энэ салбарт судалгааны халуун сэдвүүдийг хамруулсан байна. Үүнд Робот, хиймэл оюун ба мэдлэгт суурилсан системүүд (зураг, дүрс, дуу авиа танилт), эмнэлэгийн оношилгоо, 3D системүүд оржээ.
Life (Plattform for Digital Lifestyle) Таблет, гар утаснууд, төрөл бүрийн тоглоомууд л голдуу харагдсан. Үүнийг тухлан үзэх цаг олдсонгүй.
Ганц өдрийн дотор энэхүү үзэсгэлэнг үзэж барах аргагүй тул гүйж ороод, гүйлгэж харснаа л буулгав. Хэдийгээр 70 гаруй орны 4100 гаруй байгууллага бүтээгдэхүүнээ танилцуулж оролцсон гэсэн боловч гадаадын оролцогчид цөөрч, германчууд ихээхэн нэмэгдсэн мэт сэтгэгдэл төрөв. Дэлхийн томоохон техник хангамж үйлдвэрлэгчид бараг бүгд ирсэн байлаа. Програм хангамжийн хувьд ихэнх нь америк, герман компаниуд байлаа.
Бизнесийн компаниудын төлөөллүүдтэй уулзаж байхад ихэнх нь хэрэглэгчтэй харьцдаг албаны хүмүүс байсан тул төдийлөн сонирхолтой яриа үүссэнгүй. Харин шинэ технологи, судалгааны павилионуудад яриа хөөрөө нийлсэн, хууч хөөрсөн тун сонирхолтой сайхан уулзалтууд хийлээ.
Мөн нээлттэй конференц, семинар, илтгэлүүд бараг павилион бүрт тавигдаж байсан ч тухтай сонсох цаг гарсангүй.


1 Comment

Udval · 2013/03/13 at 14:18

saihan uzesgelen boljee. hamt yawj uzej sonirhohiig hussen ch dadlaga dawhtsaad chadsangui de

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *