Өнгөрсөн 11 сард 10 жилийн ангийнхан маань Оюунчимэг багшийнхаа нэрэмжит математикийн олимпиадыг зохион байгуулж, сургууль дээрээ өнжөөд ирэв. Хүүхэд насны дурсамж сэргээд сайхан байлаа. Архангайн математик сэргэж байгааг хараад сэтгэл сэтгэж, урам аваад аян замын алжаалыг мартаж орхив.
1986 оны намар анх Цэцэрлэг хотын 1-р 10 жилийн дунд сургуульд орж байжээ. Тус онд манай сургууль улсын тэргүүний сургууль болж компьютерийн иж бүрэн лабораториор шагнуулж байв. Арга байхгүй мөн ч олон алдартан, эрдэмтэн, математикчдыг төрүүлсэн дээ. Тухайн лаборатори нь 2 эгнээтэй, эгнээ тус бүр 8 ширээтэй, ширээ тус бүр дээрээ 1986 онд үйлдвэрлэгдсэн Yamaha YIS 503IIR загварын персональ компьютер 2 ширхэг байдаг байлаа шүү дээ.
Гар нь процессортойгоо хамт томоо гэгчийн нэг иймэрхүү.
Ямаха
Гэхдээ тэр РУС товч байдаггүй байсан санагдах юм, би будилж байж ч магад.
Асангуут автоматаар Бэйсикийн интерпретатор ачаалагдчихна. Та шууд MSX Basic хэл дээр програм бичиж болно гэсэн үг. Бид маамуу нааш ир дуунаас эхлүүлээд ая тоглуулах програм л их бичдэг байв. Сайндаа биш лабораторийн багш нэг уян дисктэй. Тэр диск дээр анчин (Knightmare), оддын дайн (Zanac), теннис (arcnoid) гэх мэт Konami-с гаргасан 10-аад тоглоомтой. Түүнийг 1 төгрөгөөр 3 удаа эхлүүлэх боломжтой. За тэгээд тухайн тоглоомоо үхэхгүй сайн тоглоод байвал тоглоод байна аа л гэсэн үг. 3 удаа Game Over болсон бол баяртай. Ингээд л мөнгөгүй болчхоод явж чадахгүй basic interpreter бэлэн байгаа хойно янз бүрийн худлаа үнэн юм бичээд run хийж үзнэ. Ингэж л анх ийм ногоон дэлгэц дээр MSX BASIC хэлээр өөрөө бараг юу хийж байгаагаа ч мэдэхгүй програм бичиж үзэж байж дээ хөөрхий. Тухайн үед MSX BASIC яг тэр жил нь буюу 1986 онд зохиогдоод энэ компьютерүүд дээр суучихсан орж ирж байсан гэхээр жинхэнэ UpToDate байсан байгаа биз? MSX Basic нь GW-Basic-н дүү нь буюу сайжруулсан хувилбар нь юм.
Дэлгэц нь нэг иймэрхүү.
Ямаха дэлгэц
Тэгээд болоогүй 3½ инч уян диск хөтлөгчтэй.
Ямаха уян диск хөтлөгч

Сүүлийн үеийн залуус ийм диск харчхаад SAVE button-г лайтай 3D хэвлэсэн байна ш дээ, яая гэж байна гэсэн шүү. Үнэндээ бол урвуугаар ийм дискээр SAVE товчны дүрсийг сонгосон байхгүй юу. 🙂
За тэгээд нийлүүлээд тавьсан байхад нэг иймэрхүү (диск хөтлөгч нь нэмэгдэнэ) харагдана.
Yamaha_YS503III_KUVT2
Түүнээс хойш 3 жилийн дараа IBM-8088 монголд орж ирэхдээ тийм жижиг уян диск хөтлөгчгүй 5¼ инчийн томоо гэгчийн диск л уншдаг нэг ёсны хоцрогдсон эд байлаа шүү дээ.

MSX тоглоомууд бол бас л супер дээ. Юун Сига, юун нинтендо. Одоо болтол санаанаас гардаггүй юм.
За тэгээд энд сая би хайж байгаад Анчин гэгч тоглоомынхоо бичлэгийг Youtube-с олоод тавьчихлаа. Энэ тоглоомыг бол 2-р ангид орохдоо энэ нөхрийн дайны тоглоод дуусгадаг болсон байв.

За тэгээд энэ оддын дайн гэдэг нөхрийг бол зовж байж ганц хоёр удаа дуусгасан санаж байна.

Сүүлд 91 оноос хойш орж ирсэн IBM-н загварууд (8088, 286) дээрх тоглоомууд болоод сига тоглоомууд бол эдгээр тоглоомуудын хажууд 5-10 жилийн хоцрогдол шиг л санагддаг байв. Digger, Aladdin, Tank гэх мэт тэргүүтэй тоглоомууд гэсэн үг. Дээрх лабораторид сууж байсан нөхөд их азтай хүмүүс шүү.
Түүнээс хойш биднийг их сургуульд байхад буюу 1998 онд гарсан Age Of Empires л нэг дэвшил шиг санагдаж билээ. Rise of Rome хувилбар дээр нь хэсэгхэн халуурсан сан. Яривал бас хөөрхөн урт түүх бичигдэх л байх.
За энэ компьютерүүдээс маань хэн нэг нь авч үлдсэн л байдаг байгаа даа. Ганболд багшаас асуухаа мартжээ. Хэн нэгэнд бүрэн бүтэн байдаг бол сайн хадгалаарай гэж захья даа. Энд байгаа зургуудыг интернетээс орос сайтууд хэсэж явж цуглууллаа. 30 жилийн өмнө булан тохиод нь байсан ганц нэг бичгийг санахгүй бол интернетээс олдохгүй янзтай.
Turing machine (enigma-г шифрлэсэн) сонссон, перфокарт (punch card) үзсэн, 3½ диск хөтлөгчтэй Commodore Amiga-г баруунд дөнгөж зохиогдоод шуугьж байхад, монголд Yamaha YIS 503IIR хэрэглээд сууж байсан би их азтай нөхөр байгаа юм шүү. Заримдаа компьютерийн түүх хөгжил яривал германы 60 гарсан өвөгчүүлтэй яриа их нийлээд байдаг юм. Тэдний хэрэглэж байсан болгоныг ядаж барьж ч болсон үзсэн байдаг болохоор.
Жич, зарим залуус нээрээ анхны компьютер англи, америкт үүссэн гэж буруу ойлгоод байдаг шүү. Бинар үйлдэл хийх боломжтой буюу анхны электрон компьютерийг Конрад Цүзэ (Konrad Zuse) Z1 нэртэйгээр германд зохиосон байдаг. Англи америкт өмнө байснууд нь бол бүгд механик компьютерүүд болно.


4 Comments

Жаргал · 2016/12/27 at 06:25

Нээрээ л мундаг лаборатори байна шүү. Тоглоомууд нь ийм өнгөт байсан юм байх даа.

badaa · 2016/12/27 at 10:13

Тийм яг энэ бичлэг дээр байгаа шиг өнгөт байсан. Бүтэн үзүүлэлт нь: https://www.msx.org/wiki/Yamaha_YIS-503IIR

Док · 2017/02/15 at 11:53

Яг ийм ялаа нтр гээд тоглоом тоглодог, уян диск хөтлөгчтэй компьютер дээр ажилладаг байв… Баярлалаа

Khangai · 2018/03/20 at 08:29

Дурсамж сэргээсэн сайхан бичлэг байна. Анчин тоглоомын 8 үеийг анх давж, дуусгаж чадсан тоглоомчин явлаа.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *