За хөөрхий миний нүдээр Монголын амьдрал улам хэцүүдээд, муудаад байх шиг харин нөгөө талаас олонхи хүмүүсын нүдээр сайжраад сайхан болоод байнаа гээд магтаад байдаг байсан чинь ганцхан миний нүдээр биш германчуудын нүдээр бол минийхээс бүр доор харагдаад байгаа бололтой. Хүн амын 40% нь 1990 оны нэн ядуурлынхаа төвшинд амьдарч байнаа гээд википедиа дээрээ http://de.wikipedia.org/wiki/Mongolei#Allgemeines хаягт бичсэн байх юм даа хөөрхий. Герман хэлтэй нэг нь ороод гүйлгээд харчихад зүгээр байх. Ер нь герман википедиа их хурдан байнга шинэчлэгддэг, мэдээлэл нь эмх цэгц сайтай, голчтой мэдээлэлтэй санагддаг. Яахав үнэхээр дутуу сэдвүүдээ англиас орчуулаад тавьсан нь харагддаг ч сайн орчуулсан байдаг. Эмзэг сэдэв болхоор нь энэ бичлэгт үүл хийсэнгүй, гарчигаа англиар тавьсангүй ээ гэж.
Герман хүний нүдээр харвал бараг бүх монголчууд л ядуу харагдана. Малчдын амьдрал бол гадны хүн харахад ядуу юм шиг хэрнээ дажгүй л амьдарч байдаг ш дээ. Ядуу гэдэг үзүүлэлэлт чинь нэг хүнд оногдох орлогын хэмжээ энэ тэр гэж эдийн засгийн айхтар томъёогоороо бодоод л гаргачихдаг. Тэгтэл тэр тооны цаана тухайн хүмүүсийн жинхэнэ байдал өөрөөр харагдах тохиолдол байна шүү. Траншейний хүүхдүүдийн талаар ч гэсэн л хүний сэтгэл сэрдхиймээр юм бичсэн байна. Хамгийн багадаа 10000 хүүхэд залуус ингэж амьдарч байгаа гэж. Тэгтэл тэр тоо нь 2006 онд бичигдсэн зүйлээс иш татсан байна. Тэр зохиогч нь хэдэн жилийн ч өмнө тэр судалгаагаа гаргасын билээ? Одоо үнэхээр тийм юм байгаа юм болуу сайн мэдэхгүй юм.
Дашрамд хэлэхэд чи өөрөө германд сурсан хүн мэдэж байгаа даа википедиагын мэдээг шинжлэх ухааны ажилд иш татаж болохгүй гэж. Эндээс харахад эндэх мэдээлэл бас заавал яаг үнэнийг хэлж байна гэсэн баталгаа байхгүй гэж бодож байна.
Монголын байдлыг сайн мэдэхгүй бол өмөөрөх хэрэггүй ээ, Өлзий. Би харин сайн мэдэж байгаа болохоор бичсэн юм.
1. Би Википедиаг шинжлэх ухааны бүтээлдээ ашигла гэж хэзээ ч хэлээгүй. Шинжлэх ухаан ч бас өөрөө туйлын баталгаатай гэж хэлж чадахгүй.
2. Би Монголд нүүж очиж суурьших санаатай одоо ямар байгааг нь нүдээрээ харж, биеэрээ мэдрээд ирсэн.
3. Би Бэрхийн уулын энгэр, Нуурын булангийн зах гээд хөдөө өсөж бойжсон хүн. Хөдөөний амьдралын сайхан муухайг хэнээс ч дутуугүй мэднэ.
4. Би эх орондоо хайртай бөгөөд үр хойчынхоо ирээдүйг боддог учраас сэтгэл шимширч шүүмжлэлтэй ханддаг.
Ер нь намайг гадаад сурч төгсчихөөд, тэндээ ажиллаж амьдардаг болохоор Монголоосоо тасраад муулж явах юм өөрөө очоод хүчээ өгөөч гэж хэлэх хүнтэй олон таарсан. Энэ блогоор ч дамжуулаад тийм утгатай мэйл олныг л авсаар байгаа. Гэхдээ би тийм мэйлд хариу бичсэн нь үгүй. Яагаад гэвэд би Монголоо голоод тэгж гоочилж ханддаг юм биш ээ. Хүчээ өгөхгүй гэсэндээ газрын мухарт амиа тээгээд яваа ч юм биш! Эргээд хаяа харахад харин ч цөөхөн гэсэн би дандаа л Монголын төлөө гэж сэтгэл чилээж эсвэл зөвхөн Монгол хүмүүст зориулан хийсэн зүйлстэй юм билээ. Ганц Англи үгийг ч монгол руу яаж буулгах вэ гээд энэ блогтоо ч олон л бичлэг оруулсан байхаа.
Амьдралын өдөр тутмын хэв маяг нь хахууль өгч авалцаж, нийгэм даяараа авилгалын аппартандаа хүлүүлчихээд, эвшээгээд эвлэрч суугаа улсыг хараад яаж би манай улс хөгжиж байна гэж магталцах юм бэ?
Өдөр өдрөөр амьдрал доройтож байгаа аав ээжийгээ хараад, жил жилийн очих болгонд өнгө нь бууж навсайж байгаа хоолой хорсгож, нүд харанхуйлуулсан хотыг хараад яаж би миний эх орон хөгжиж байнаа гэж онгиролцох юм бэ?
Монгол хүмүүс алтны төлөө сэтгэл тэнийтэл агь бүрхсэн, өөрийн балчир насандаа тоглож, морьтой шуугиулан айраг гүзээлж давхиж өссөн буурал талаа улаан шороо эргэлдэж, шарилж хамхуулаас өөр ургамалгүй болгосон байхыг хараад, ямар ч машин тав салаалсан гармаар нь гарахдаа тэвддэг байсан Монголын хамгийн их устай хэмээгдэгч Орхон голоо ширгээгээд тасалчихсан байхыг хараад, загаснуудыг нь тасарсан цөөрөмдөө царцаа шиг үсрэлдэн элгэн хайрган дээр шарагдаж үхэж байхыг хараад яаж би монгол хүмүүсийг сүрхий ухаантай хүмүүс шүү гэж онгиролцох юм бэ?
Өнөө цасан малгайтай, ногоон хүрэмтэй баян хангайнхаа ой модыг жилийн жилд шатаасаар, хулгайгаар огтолсоор дуусч байгаа ул хожуул, үнс нурмыг хараад, атан тэмээгээр жонжуулж явдаг алтан говийнхоо цөлжин цөлжсөөр хүн амьтан тэсэхийн аргагүй болсон цөлийг хараад, агь мангир монгол өвс халиурсан талын уул толгодын хөрсийг хуулаад улаан шороо эргэлдсэн томоос том хар нүхнүүдээс өөр үлдээсэн зүйлгүй болсон байхыг хараад, хаана ч таарсан, гараараа утгаж аваад толгойгоо шавшаад алжаалаа тайлаад ундаалж болдог байсан ус мөрөн, гол горхины ширгэсэн хонхор, хайрга сайр чулууг хараад яаж би манай улс баян улс гэж магталцах юм бэ?
40 сая малтай улсын 3 ч хүрэхгүй сая хүмүүс одоо нийслэл хотынхоо дэлгүүр хоршоо ядаж захаас мах, сүүгээ авч идэж ууж чадахгүйд хүрчихээд, граммлан авч өнөө маргаашаа яая даа гэж суугаа үй түмэн өрхийг хараад, гудамжаар гутлаа чирэн алхах нүдний гал нь унтарсан ажилгүй залуусыг хараад яаж би манай улсын эдийн засаг 10% өсөөд түг түмний амьдрал төдийчинээ сайжирч байнаа гэж баясалцах юм бэ?
Жилийн жилд завсардаж байгаа олон зуун багачууд, хүнээс дутахгүй ухаалаг сэргэлэн залуусыг тархины хагас тураалтай, хүн хуурах, бялдуучлах эрдэмд гаршуулан, жилийн жилд дээд мэргэжилтэй нэртэй ч доод боловсролтой, чадваргүй хүмүүс болгон төрүүлсээр байгаа орсон л бол төгсөж болдог их дээд сургуулиудын энэ сургалтыг хараад яаж манай улс хөгжиж байнаа гэж магталцах юм бэ?
Гудмаар багшралдах хятадууд, солонгосууд өдөр тутмын хэрэглээний нутагтаа үйлдвэрлэчих бүрэн боломжтой хятад хүнс барааг хараад яаж би Монгол улс хятадын нөлөөнд ороогүй, бид арчаатай улс гэж инээлцэх юм бэ?
Лиценз олгосон нэрээр монгол орны 50 илүү хувийг хятадуудад зарсан байгаа геологийн төвийн газрын лицензийн зургийг үзээд яаж би одоогийн түшээдүүдийг эх орныхоо төлөө, ирээдүйнхээ төлөө ажиллаж байна гэж алгаа дэлгэн магталцах юм бэ?
Хурган дарга нар нь авилгалын хувиа хэл амгүй, чимээгүй найдвартай цохиход нь амар гээд улсад зарлагдаж байгаа томоохон тендер төслүүдийг хэдий илүү чадалтай өчнөөн Монгол залуус, компаниуд байсаар атал Хятад, Энэтхэг, Америкийн фирмүүдэд өгчихөөд инээж суухыг хараад яаж би инээлцэх юм бэ? Яаж?
Би сэтгэгдэл дээр хариулахдаа чиний хийсэн богино бичлэг дээр чинь үндэслэж хариулсан юм. Тэрнээс би монголын одоогын байдлыг өмөөрөх хамгаалах гэж хичээсэнгүй ээ. Би өөрөө чамтай адил олон жилээр гадаадад яваа хүний хувьд чи ямар нүдээр харж, юунд бухимдаж явдгийг чинь ойлгож байна. Би ч гэсэн л чиний сэтгэгдэлээр үлдээсэн асуудлын талаар бодол болж сэтгэл өвдөж явдаг.
Чи харин ч мань мэт жирийн хүмүүсийг бодвол хэдий гадаадад байгаа ч гэсэн монголоо гэсэн сэтгэлтэй тэрнийхээ төлөө зүтгэдэг хүн гэж бодож байна. Би чиний блогын байнгын блогийн зочинын хувьд чамайг монголд сурч байхад чинь таньдаг байсны хувьд чамайг өнгөрсөн жил монгол бүр явахаар боллоо гэхэд чинь үнэхээр баярлаж билээ. Нэг ч гэсэн юм бүтээж чаддаг хүн очоод их зүйлийг хйигээсээ гэж баярлан бодож байсансан. Гэтэл чи тэнд үлдэж чадсангүй. Чадахгүй бол яагаад заавал тэнд үлдэх ёстой гэж. Германдаа байгаад өөрийн хийж бодож яваа зүйлээ цааш нь үргэлжлүүлээд явбал болоо бишүү.
Амьдрал тэнд хичнээн болсон ч миний сэтгэлд Монгол маань үргэлж л сайн сайхнаар бодогдож байдаг шүү. Чамд ч гэсэн л тийм байдаг байлгүй. Хүүхэддээ монголын талаар хэлж өгөхдөө би үргэлж магтдаг, үргэлж өөдрөгөөр ярьдаг. Тэрнээс биш монгол ядуу, тийм муу муухай юм бий гэж хэлдэггүй. Нөгөө муухай монгол хүний л зан юмуу даа. Монголыг хайрлахыг би монголдоо байхын нэр гэж бодохгүй байна. Монголоо хайрлана гэдгийг би орон зай хамааралгүйгээр үргэлж монголоо гэж боддог байх, түүнийхээ төлөө ямар нэг зүйл хийж чаддаг байх, бүр ядлаа гэхэд гай болохгүй явбал тэрийг хэлнэ гэж бодож байна.
За үг холдож үхэр холдоо. Хөл бөмбөг эхлэх нь.
Bye.