957-н үргэлжлэл.
Мюнхэний их сургуулийн онолын физикийн тэнхимд профессор Арнолд Соммерфелдын (мөн гайхалтай эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч ба түүний маш олон шавь нь Нобелийн шагнал хүртсэн.) удирдлага дор доктор цолоо хамгаалсан 26 настай залуу их сургуулийн профессор болж нэгэн их сургуулийн физикийн тэнхимийг тэргүүлж эхлэхэд герман даяар шуугьж эхлэв. Учир нь тухайн цаг үед тийм залуугаараа их сургууль толгойлсон эрдэмтэн профессор германд битгий хэл европт ч урьд хожид байхгүй байлаа.

Вернер Хайзенберг 1927 онд Лайпцигийн их сургуулийн профессор болсон бөгөөд тэр жилдээ Хайзенбергийн “тодорхойгүйн холбоос“-ыг томьёолсон нь квант механикийн гол тулгуур болж, 1932 онд Нобелийн шагнал хүртжээ. Түүний энэ бүтээлийг модерн физикийн шинжлэх ухааны сор буюу очир алмаз гэж үздэг юм. Түүний энэ бүтээлийг тусад нь сэдэв болгож бичихгүй л бол энд амжихгүй.
1929 онд мань эр хятад, япон, энэтхэг, АНУ зэрэг орноор аялж лекц уншсан байдаг. Гэвч түүний ид бүтээх насанд 2-р дайн гарч шинжлэх ухааны замналыг нь эвдэж орхисон нь урьд нь 1-р дайн сурахад нь саад болсноос илүү гай болжээ. Гитлерийн эхлүүлсэн дайны хар сүүдэр түүний нэр хүндийг ч гутаасан. 2-р дайны үед германы салбар салбарын хамаг эрдэмтэд голдуу Англиар дамжиж Америк руу дүрвэсэн юм. Ингэж л америкийн их сургуулиуд хүчирхэгжсэн гэхэд хилсдэхгүй ээ. Ингээд модерн физикийн салбарыг үндэслэж байсан суут эрдэмтэд ч германаас дүрвэсэн бөгөөд тэдгээрийн дотор харин Хайзенберг багтаагүй байлаа. Түүнд АНУ руу гарах боломж бүрэн байсан бөгөөд 1939 онд АНУ-н их сургуулиудад лекц уншиж байхад нь бусад нөхөд нь үлдэхийг ятгасан байдаг. Гэвч тэрээр:
1. Би эх орондоо хайртай. Эх орон надад хэрэгтэй.
2. Би гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагатай.
3. Би гэр бүлээ аваад явлаа гэхэд их сургуулиа тэврээд, тэнд ажиллаж байгаа ажилчдаа дагуулаад ирж чадахгүй.
гээд герман буцсан байдаг. Тэр цэвэр герман үндэстэн, долоон хүүхэдтэй, их сургууль толгойлж байсан тул ингэх нь арга байхгүй зөв шийдвэр шүү дээ. Гэвч энэ нь түүнийг Гитлерт зүтгэсэн болгож, дүрвэж гарсан бусад эрдэмтэд болон Америк, Англи, Оросын эрдэмтдийн дургүйцлийг хүргэсэн юм. Зарим нь бүр үзэн яддаг байжээ. Гадаадад буй зарим эрдэмтэд түүнийг нацист гэж дайрч, харин зарим нь мэл гайхаж байхад, Германд түүнийг Эйнштэйний сүнсний сүнс, түүний физик бол жүүдүүдийн физик, жүүдүүдийг институтдээ орогнуулагч гэмт этгээд гэж дайрч байсан байдаг. Тэр үедээ бараг баригдаж хоригдох дээрээ тулж байсан ч Хайзенбергийн эцэг нь Гиммлерийн эцгийн профессор байснаар аврагдаж байсан ч удаа бий. Энэ мэтчилэн тухайн жилүүдэд түүний эрдэм мэдлэг, алдар нэр, үндэс угсаа нь аварч байсан бөгөөд 1941 онд Гитлерийн цөмийн бөмбөг үйлдвэрлэх багийн ахлагчаар тохоон томилогдож атомын бөмбөг хийх тушаал авсан байна. Тэрээр 1941 оны германы батлан хамгаалах яамны сайдын уулзалтаар Лондонг устгахад хэр хэмжээний атомын бөмбөг хэрэгтэй вэ? гэсэн асуултад үсрээд л нэг Хан боргоцой л биз дээ гэж хариулахад бүгд итгэж чадахгүй гайхаж байсан гэдэг.

Тэр үед Хайзенберг цөмийн тогоо хийх нооргийг бэлэн болгосон байсан ба тэрхүү нооргоо Данийн нийслэл Копенгагенд илтгэл тавихдаа Нийлс Боорт дамжуулж өгсөн байдаг бөгөөд энэ программын талаар түүнтэй ярилцах гэж оролдоод бүтэлгүйтсэн. Учир нь нэг талаас Нийлс Боор тийм сайн тэвчээртэй сонсогч биш байсан бөгөөд Хайзенбергийг дөнгөж ярьж эхлэхэд нь л үнэхээр цөмийн зэвсэг хийх гэж байгаа юм байна, бас чадна гэдгийг нь мэдээд цухалдан уурлаад, нөгөө талаас SS-н хяналт доор байсан болохоор Хайсенбергт тухтай ярилцах боломж олдоогүй байна. Энэ уулзалтаар Хайзенберг Боорт яагаад тэр нооргоо дамжуулсан, яг юу хэлэх гэж оролдоод байсан нь оньсого болон үлдсэн бөгөөд ямар ч байсан Хайзенбергийг хүү шигээ хайрладаг байсан Боор харьцаагаа тасалсан байна. Харин түүний тэр ноорог Манхатан төсөлд ашиглагдсан байдаг. Үнэхээр Хайзенберг хийх боломжтой бөгөөд чадна гэдгээ мэдэж байсан ч яагаад хийгээгүй, яагаад чухал баримт задруулсан гэдэг нь тайлагдаагүй ч түүний үйлдлүүдээс тэр атом цөмийн технологийг энхийн зориулалтаар ашиглах гээд байж гэсэн дүгнэлтэд хүргэдэг байна.

2-р дайны үед Гитлерт лхагва гариг бүр янз бүрийн төслүүдийн танилцуулга хийгддэг байсан бөгөөд 6 сараас илүү хугацаанд хэрэгжих төслийг зөвшөөрдөггүй байсан ба маш чухал бол үсрээд л жил болох ёстой байдгийг Хайзенберг мэдэж байсан тул зарчмын хувьд атомын бөмбөг хийх боломжтой харин тус төсөлд олон жил болон олон тэрбумын хөрөнгө хэрэгтэй гэж илэн далангүй илтгэснээр тус хөтөлбөрийг 1942 онд нь зогсоосон байна. Түүнээс хойш Хайзенберг гэр бүлээрээ Urfeld гэдэг газар Walchensee нуурын эрэг дээр нүүн ирж амьдарч байсан бөгөөд голдуу сүмд очиж төгөлдөр хуур дарах, философийн нийтлэл бичих зэргээр дайны жилүүдийг өнгөрөөсөн байдаг. Гитлер ялагдаж дайн дууссан тул Хайзенберг эрдэмтэн нөхдийн хамтаар английн шоронд 2 жилийн хугацаанд хоригдож байгаад үнэхээр цөмийн тогоонд атомын бөмбөг туршсан ул мөр олдоогүй бөгөөд сонин сэтгүүл дээр шүүмжлүүлж байсан нь батлагдсан тул суллагджээ. Түүнийг шоронд байхад Америкчууд япон дээр бүр хүмүүс дээр атомын бөмбөг хаялаа гэдгийг радиогоор сонсоод хоригдож байсан герман эрдэмтэд итгэж чадахгүй, асар их эмзэглэж байсан гэдэг. Түүнийг шоронгоос суллагдсаны дараа АНУ-с найз нөхөд нь одоо наашаа ирээч гэхэд:
Одоо би эх орондоо хэрэгтэй гээд мөн яваагүй байна.

Түүний бүтээсэн квант механикийн онолыг Эйнштэйн насан өөд болтол хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд түүний бүх зүйл санамсаргүй байдаг, ажиглалтаар өөрчлөгддөг тэр орчлонд зүгээр тэгж харагдуулж буй нууцлаг хүчин зүйл бий. Квант механик нэг бол худлаа үгүй бол дутуу онол гэж бат итгэсээр, зүтгэсээр байжээ. Харин Боор, Хайзенберг болон бусад квант механикийг үндэслэгчид байнга тохирох хариуг нь барьдаг байсан бөгөөд тухайн үед Эйнштэйний “Бурхан шоо хаядаггүй юм.” гэж хэлж байсан хэллэг өдгөө ч өргөн тархсан байна. Харин түүнд хариу болгож Боорын хэлсэн “Бид бурхны юу хийхийг тодорхойлдоггүй л билээ.” гэсэн хэллэгийг мэддэг хүн бараг байдаггүй. Гэвч бид бүхний сайн танил 20-р зууны суут эрдэмтэн Эйнштэйний маань буруу байсан бөгөөд түүнийг нас барснаас хойш квант механикийн онол үнэн болох нь туршилтаар батлагдсан билээ. Түүгээр зогсохгүй өнөөдөр бидний хэрэглэж буй бүх төрлийн электрон төхөөрөмж, түүн дотор одоо таны энэ хараад сууж байгаа компьютер, зургийн аппарат, камер, эмнэлгийн тоног төхөөрөмжүүд, лазерын технологиуд гээд өнөөгийн бидний нийт хэрэглээний 75% нь квант механикийн онол дээр суурилсан байдаг гэсэн судалгаа байдаг. Дайны хар сүүдэр буюу Гитлерийн балгаас болж эх орондоо үнэнч үлдсэнээрээ Хайзенбергийн нэр алдар дэлхийд цуурайтаагүй ч энэ зууны сор болсон эрдэмтэн гэдгийг нэрт эрдэмтэн судлаачид бүгд хүлээн зөвшөөрдөг бөгөөд харин бид Эйнштэйнээс ч илүү талархах ёстой юм. Учир нь түүний онол модерн физикийн суурийг тавиад зогсохгүй, бидний амьдралыг өөрчилж, хүн төрөлхтөн хорвоо ертөнц, байгаль дэлхийн зүй тогтол, учир утгыг ойлгоход бүхэл бүтэн нэг шат ахиулсан билээ.

Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд философийн судалгаа түлхүү хийсний дээр ертөнцийн универсал томьёог нээхийг мэрийж зүтгээр насан эцэслэжээ. Гэвч түүний 20-д насандаа бүтээсэн онол хүн төрөлхтөн ертөнцийн зүй тогтлыг ойлгоход тун ойртуулсан билээ.
Харин ойлгоход үнэхээр яггүй эд. Ямартай ч Нобелийн шагналт онолын физикч Richard Feynman “Сонин дээр бичсэнээр харьцангуйн онолыг ердөө 12 хүн ойлгодог байсан тийм цаг үе байсан гэдэг. Үүнд би итгэж чадахгүй. Харин квант механикийг ойлгодог хүн нэг ч байхгүй гэдгийг л баттай хэлж чадна.” гэж 1967 онд хэлсэн байдаг.
За тэгэхээр та одоо тэгвэл бид яаж энэ онолыг хэрэглээд, учир зүйг тайлбарлаад байгаа юм гэж бодож байна уу? Тиймээ, арга бий!

Жич:
Бид түүний эх дуу хоолойг сонсох азтай үед амьдарч байна. Та https://www.youtube.com/watch?v=SJSmdErgcHs хаягаас түүний дуу хоолойг сонсож болно.


1 Comment

Ананд · 2017/07/17 at 04:19

Өө маш их баярлалаа. Өгөөжтэй сайхан нийтлэл байна. Дахиж ихийг оруулаарай. Аливаа хөгжил дэвшил, соёл иргэншилийн суурь нь шинжлэх ухаан л байх юмдаа. Манайхан энийг хурдан ойлгоосой..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Астрономи

Why are we not flying? No, we are flying!

Манай дэлхий нарнаас 149.6 сая км зайтай оршиж ~365 хоногт түүнийг нэг бүтэн тойрч байдаг гэдгийг хүн бүр мэддэг. За зайг нь больёо гэхэд хугацааг нь бол бат. Тойрохдоо эллипс хэлбэрээр тойрдог ч бараг л Read more…

Физик

One of the most important physicists of the 20th century

Германы Вүрцбүрг хотын их сургуулийн профессор Вилхелм Конрад Рөнтген 1901 онд бидний өдгөө андахгүй болсон рентген туяаг нээж нобелийн шагнал хүртэж байх тэр жил тус хотод визант профессорын гэр бүлд нэгэн хүү мэндэлсэн нь шинжлэх Read more…