БОЛОР зөв бичгийн дүрмийн алдаа шалгах програмын эхний хувилбар хийгдэж дуусан, хэрэглэгч та бүхний гарт хүрч эхэллээ. Та бүхэн http://buy.bolorsoft.com/ хаягаар зочилж шууд онлайнаар худалдан авах боломжтой. Одоогоор Голомт банк болон Paypal-р төлбөр хийх боломжтой байгаа билээ.
Энэхүү зөв бичих дүрмийн алдаа шалгуур нь Болорсофт ХХК-н 2008 оноос хийж эхэлсэн судалгааны ажлын эхний бодит үр дүн бөгөөд Болорсофт компанийн нийт ажилчдын хүч хөдөлмөрөөр бүтсэн билээ.
Би урьд нь Батмөнхтэй хамтран аль эртээс Нээлтэй эхийн Aspell, Hunspell зэрэг төслүүдэд монгол хэлний санг нэмж байсан. Энэхүү Блогийн хуучин бичлэгүүдийг та уншвал мөн энэ дүрмийн талаар намайг хэзээнээс оролдож эхэлснийг ч олж мэдэх байхаа. Гэвч би ганцаараа дийлэхгүй гэдгээ ойлгож БОЛОРСОФТ гэсэн хүчтэй багаар ажиллаж, хийж дуусгалаа.
Болор алдаа шалгуур нь тус нээлтэй эх болоод майкрософт ворд зэрэг програмуудад дагалдаж ирдэг хаалттай эхийн програмуудаас ч тэс өөр юм. Дээрх програмууд нь бүгд үгсийн жагсаалт үүсгэн архивлаад түүнээсээ хайлт хийж алдаатай үгийг олж, санал болгох үгсээ мөн сонгодог. Энэ нь барууны хэлүүдэд тохиромжтой боловч монгол хэлний хувьд маш хүндрэлтэй бөгөөд дээрх нээлттэй эхийн програмуудад гэхэд 2.1 сая үг хамруулсан нь хамгийн олон үгтэй сан болж байв. Гэвч монгол хэл маань залгамал (нөхцөл залгаад л асар олон шинэ үг үүсдэг) тул асар олон үг үүсээд бүх үгийг барьж чадна гэж хэлэх боломж огт олддоггүй байлаа. Харин БОЛОР алдаа шалгуур нь язгуур үгээс бүх боломжит үгсийг төгсгөлөг төлөвт автомат ашиглан үүсгэх болон задлах чадвартай юм. Ингэснээр 40 сая гаруй үүсмэл үгийн багтаамжтай болж байгаа юм.
Хэрвээ энэ 40 сая гаруй үгийг жагсааж сан үүсгээд дээрх програмуудад нь нэмнэ гэвэл хамгийн сүүлийн үеийн мундаг хүчин чадалтай тооцоолуур дээр 20 хуудас баримт шалгахын тулд нэлээд олон хонох хэрэг гарна гэсэн үг.
За харин өмнө монголд хийгдэж байсан төрөл бүрийн програмуудтай харьцуулах гэж үзье. Худалдаанд гарч байсан цор ганц програм байсан нь Ангууч юм. Энэхүү програм нь анхных гэхэд боломжийн сайн хийгдсэн. Даанч яагаад ч юм арчилгаа, хөгжүүлэлт нь ганц мөр ч хийгдэхгүй байсаар өнөөг хүрэв. Сул талууд нь ворд болон пэйжмекер дээр дээр макро дуудаж ажилладаг, сан нь 60 000 -70 000 болов уу. Түүн дээрээ зарим хялбар залгавруудыг үүсгэж чаддагийг тооцвол 2-3 сая үүсмэл үгт хүрэх байх. Харин санал болгох функц тун тааруу ажилладаг билээ.
БОЛОР алдаа шалгуурын хувьд дүрмийн хувьд алдсан үгсийг хамгийн түрүүнд найдвартай олж санал болгоно. Майкрософт болон ОпенОфис дээр нэмэлтээр сууж ажиллах бөгөөд үндсэн модуль нь тэндээсээ дуудагдах боломжтой. Энэ үндсэн модуль нь төрөл бүрийн өргөтгөл (плагин) болоод програм хангамжийн шинэчлэлээ хариуцна. Ингэснээр энэхүү програм хангамж интернет ашиглаад шинэчлэгдээд явчих амьд програм хангамж болж чадсан билээ. Болор алдаа шалгуур нь 1983 оноос эхлэн албан ёсоор монгол улсад хүчин төгөлдөр хэрэглэгдэж байгаа Дамдинсүрэн гуайн дүрэм болон 2011 онд журамлагдсан 700 үгсийг барьж шалгана.
Бусад мэр сэр Мэдээллийн технологийн агентлаг, МУИС-н МТС зэргээс үнэ төлбөргүй гаргасан гэгддэг програмуудтай харьцуулна гэдэг тун бэрх юм. Учир нь эдгээр програмууд нь миний дээр дурдсан нээлттэй эхийн өгөгдлийн санг ашигладаг бөгөөд суурь хөдөлгүүрүүд нь Hunspell явдаг. Мөн бүтээгдэхүүн гэсэн утгад хүрэх өөрөөр хэлбэл автомат шинэчлэл хийх, лицензийн удирдлага хийх, бүх эх кодоо үсэг үсгээр нь өөрсдөө бичсэн нь үгүй билээ.
Энэхүү анхны хувилбар маань алдаа оноотой байх нь дамжиггүй. Гэсэн ч бид дор дор нь онлайнаар шинэчлээд явах тул богино хугацаанд эрчимтэй сайжруулж, тогтвортой чанартай нэрийн бүтээгдэхүүн болгож чадна гэж үзэж байна. Одоо би нэг хэсэг БОЛОР толь биш БОЛОР алдаа шалгуур гэж ярьж бичих байхаа.
Мөн хэрэглэгчдэдээ бэлэг барьж байгаа бөгөөд тэр нь нөгөө ядаргаатай Вин1251-г Юникод руу хөрвүүлэх функцтэй. Энэ нь миний 10 гаруй жилийн өмнө хийж байсан http://badaa.mngl.net хөрвүүлэгчээс илүү хурдан найдвартай ажиллана гэдгийг амлая. Сүүлийн үед хүмүүс баримт дотроо нэг үгэнд хүртэл хольж бичих нь ихэссэн тул энэ хөрвүүлэгч тун хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэн http://spell.bolorsoft.com хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Одоогоор бид бүтээгдэхүүний үйлчилгээ үзүүлэх (support) веб хуудас дээрээ ажиллаж байна. Мөн үндсэн хөгжүүлэгчид маань яг л гаргах гэж хичээж байсныхаа адил сайжруулаад дараагийн хувилбар дээрээ ажиллаж байна. Удахгүй 1-2 долоо хоногийн дараа 1.1 гэсэн шинэчлэл гарна.
Эцэст энэ төсөл дээр ажилласан нийт ажилчид түүн дотроо энэхүү төслийг хариуцаж, програм хангамжийн зүрх болсон хөдөлгүүрийг угсарсан Сэрчмаадаа баяр хүргэж, талархал дэвшүүлье!

Ойрын хэд хоног нойргүй суусан тул ядраад баахан утга авцалдаа муутай мэдээлэл биччихсэн байж магадгүй, эргэн харж шалгах цаг байдаггүй ээ. Ямар ч гэсэн хэлье, ярья гэснээ бүгдийг бичье гэвэл нэг хуудас битгий хэл нэг ном болохоор зүйлс бий тул ингээд өндөрлөе.


5 Comments

Bat · 2013/12/01 at 19:10

🙂

Bayara · 2013/12/02 at 09:20

sain bn uu,
neg huselt bn aa. Bolor-toli bichigee microsoft office 2013 deerh apps deer oruulj boloh bolovuu. Tend yanz buriin dictionary baihiin. Gehdee Bolor toli baival bur ch saihan bn.

Tulga · 2013/12/05 at 08:34

Bayar hurgie uneheer hicheel zutgel gargaj ajildagt ta buhend bayrlalala amjilt husie Gehdee Bolor Aldaa shalguur bish Zasagch gesen bval deer bsn bishu ene chin shalgaad zogsohgui zasna bz de esvel zugeer shalguur ym uu

Зула · 2013/12/06 at 11:04

Амжилт хүсье….

badaa · 2013/12/06 at 12:15

Za avtomataar zasahgui hamgiin bolomjit huwilbaruudyg erembelen sanal bolgoh tul zasagch gesengui.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *