March 23rd, 2010
За нэгдсэн орчуулгын порталд Terminology төсөл үүсгэчихлээ. Ямар ч програм хангамжийн орчуулгын төслийг нэр томьёоны нэгдсэн сангүйгээр чанартай орчуулна гэдэг бараг бүтэшгүй зүйл. Энэхүү төсөлд одоогоор зөвхөн Гномийн нэр томъёог үүсгэн оруулсан бөгөөд цаашид ОпенОфис.орг, КДЭ-г нэмэх төлөвлөгөөтэй байна.
Бүх нээлттэй системүүдийг нэгтгээд нэг сан болгох гэснээ хамаагүй холих тийм ч зөв бус санагдаад тус тусад нь төсөл төслөөр нь нэмээд явсан нь дээр санагдлаа. Гэхдээ Гноме КДЭ зэрэг ойролцоо төслүүдийн нэр томьёог үүсгэхдээ мэдээж аль түрүүлж үүссэнээс нь аваад үүсгээд явах болно.
Tags: Mongolian terminology, OSS terminology project
Posted in Линүкс | No Comments »
March 18th, 2010
Сүүлийн хэдэн жил ОпенМН баг чимээгүй болсноор нээлттэй эх бүхий програм хангамжийг монгол хэл рүү орчуулах ажил үндсэндээ зогссон билээ. Энэ тэнд ч нэлээн хэдэн оролдлогууд гарсан ч нүдэнд харагдаж, гарт баригдах дорвитой зүйл ажиглагдсангүй. Жоомла-г Алтансүх тэргүүтэй андууд орчуулсныг эс тооцвол Launchpad, Limnux зэрэг дээр ганц нэгхэн жижигхэн програмын орчуулга хийх оролдлогуудаас илүү гарсан зүйл харагдахгүй байна.
Би ОпенМН баг монгол орчуулгуудыг хянах чадвар боломж байхгүй боллоо гэж үзэн тарааж, орчуулга хийхээр хандаж байсан хүмүүсийг бусад газарт байгаа орчуулга хийж буй хүмүүс рүү нэгд гэж явуулж байсан билээ. Гэвч зөв алхам байсангүй.
ОпенМН зөвхөн ОпенОфисын орчуулгаа л гардаж хийсэн нь дээр хэмээн үзэж байв.
Гэтэл энэ тэнд хийсэн ганц нэг ч болсон үгийн орчуулгууд эх төслийнхөө ч Агуулах руу нэгтгэгдэхгүй орхигдож байгаад хамарсан ямар ч гэсэн нэг нэгдсэн орчуулга хийчих вэб үүсгэх нь зөв хэмээн үзэж Pootle ашиглан ОпенМН-ы вэб орчуулгын системийг үүсгэлээ. http://trans.openmn.org хаяг руу орж та бүхэн орчуулгаа хийж байгаарай. Ганцхан үг ч байсан та хаа хамаагүй оруулснаас, энэ систем рүү оруулахад, сар сардаа эх төслүүд рүүгээ нэгтгэгдэн ороод үр дүн нь харагдаад явах болно.
Одооноос эхлэн энэ тэнд байгаа бүх орчуулга хийх сонирхолтой хүмүүсийг нэгэн дээвэр доор нэгтгэхээр шийдлээ.Таны нэгдэх газар http://trans.openmn.org
ОпенМН баг монголдоо анхдагч байсан болоод ч тэр үү бүү мэд нэгэнт танигдсан, хийсэн зүйлтэй, хүмүүсийн хандлага үргэлж эерэг байсан тул шинээр линүкс.мн -р нэгтгэсэнээс илүү үр дүнтэй юм байна хэмээн ийн шийдлээ.
Хэрэв та firefox ашиглаж байвал http://mnspell.openmn.org/ хаягаар орж монгол хэлний дүрмийн алдаа шалгагчаа суулгаад http://trans.openmn.org хаягаар орж Gnome, KDE, OpenOffice болон бусад GNU програмуудыг эх хэл рүүгээ онлайнаар орчуулах боломжтой боллоо.
Хэрвээ танд тогтмол интернет холболт байхгүй бол татаж авч орчуулаад http://trans.openmn.org систем рүү илгээх боломжтой.
Би өөрөө татаж аваад орчуулга хийхийг эрхэмлэдэг тул та бүхэнд ч бас энэ нь илүү тухай байх гэж бодож байна. Тэгж орчуулга хийхэд Kbabel, Poedit, Virtaal, Gtranslator, WordForge гээд олон системүүд байдаг. Миний хувьд kbabel-ыг хамгийн илүүд үздэг. Харамсалтай нь энэ нь линүкст зориулсан KDE дэргэцийн системийн хэрэгсэл боловч та KDE-г тэр чигээр нь виндовс дээр суулгаад хэрэглэх боломжтой. Суулгахдаа KDE-Base Apps, Lokalize болон Aspell-mn-ыг сонгосон байх хэрэгтэй. Эсвэл та виндовс дээр хялбарханаар PoEdit, virtaal-г хэрэглэж болно.
Нэмэлт:
Зарим хүмүүс guush.mn, toli.dusal.mn, itdic.edu.mn, guush.mn чөлөөтэй оролцох МТ толь бичиг, limnux.org launchpad.net гэх зэрэг онлайн орчуулгын системүүд болон асар олон зүйл байхад ийм зүйл хийж яадаг байна гэж үзэж байж магадгүй юм.
Тэгвэл тэр олон системийн хаана нь би орчуулга хийхээ мэдэхгүй байдалд орсон тул нэгтгэхээр шийдсэн юм.
Орчуулга хийхэд Launchpad.com л арай найдвартай юм болов уу гэж бодоод ганц нэг гноме орчуулга туршилтын журмаар хийсэн чинь орчуулгууд Гномийн үндсэн агуулах руу ороогүй байсан нь урам хугалсан юм.
Эрдээ эгч ч (би Эрдэнэчимэг багшийг ингэж хэлээд заншчихжээ) гандан буурахгүй энэ тэндгүй л орчуулга хийгээд, мөн энэ тэндэхийн орчуулгын тухай форумууд руу ч бичээд яриад явах юм. Надад тийм сонирхол, цаг зав гарахгүй юм.
Ийм хүмүүс мөн олон байгаа цаашид ч олширох юм шиг байна гэж бодоод http://trans.openmn.org -г үүсгэсэн билээ.
Posted in Линүкс | 11 Comments »
March 15th, 2010
SUN корпораци нь МТ ертөнцөд JAVA болон Соларис үйлдлийн систем гэсэн 2 түлхүүр бүтээгдэхүүнээрээ алдартай билээ. Мөн ОпенОфис.орг-н загалмайлсан эцэг гэж үзэж болно. Хувийн зүгээс би SUN-ы бүтээгдэхүүнүүдийг сайн чанартай гэж дүгнэдэг. Одоо SUN корпораци ORACLE-д шилжиж байгаа бөгөөд цаашид улам сайжрана байх гэж найдаж байна.
SUN corporation-ы захирал асан Jonathan Schwartz-н блогт сонирхолтой нийтлэл нэлээд бичигддэг билээ. Тиймээс та орж сонирхоорой. Захирал байхдаа хэлж болохгүй байсан зүйлсээ сүүлийн үеэс оруулж эхэлсэн байгаа. Түүний сүүлийн бичлэг болох ПХ патентын тухай “Good Artists Copy, Great Artists Steal” маш их таалагдлаа.
Та түүний блогийг хавчаад аваарай. http://jonathanischwartz.wordpress.com
Tags: Jonathan Schwartz, SUN
Posted in Компьютерын ухаан | No Comments »
March 2nd, 2010
Энэ оны 1 сарын 12-нд эхнэрийн хамт Avatar хэмээх киног 3 хэмжээсээр (3D) үзлээ. 3D технологийг хэрэглэсэн бүтээлийг үзэж буй анхны кино маань байсан болоод ч тэр үү бид 2 мэл ангайн үзсээр гарч ирсэн. Технологийг биширсэн. Кино ч гоё болсон байна лээ.
Одоо 3D-д жаахан дутмаг байгаа зүйлс нь мэдрэхүй оруулж ирэх хэрэгтэй санагдсан. Салхи салхилахад нь урд сандлын араас хийгээр үлээдэг, цэцэг навч гарахад өвс үнэртүүлдэг, бороо ороход нь жаахан ус дээрээс нь цацчихаж болох юм тээ. (Phantasieland-д (köln) энэ санаа байдаг дуулдсан)
Киноны үйл явдлыг та өөрөө үзнэ биз. Ойлгож ядах зүйл үгүй. Шинжлэх ухааны уран зөгнөл талаасаа бус хүний зан араншинг түлхүү харуулахыг зорьсон болов уу гэж бодогдсон.
Учир нь түүн дээр гарч буй Pandora гариг нь манай оддын системийн хөрш оддын систем болох Alpha centauri A нарны аймгийн нэгэн гаригийн (зохиогчдынхоор Polyphemus) сар юм гэсэн. Гэтэл шинжлэх ухааны үүднээс бол Alpha centauri A биш Alpha centauri B дээр амьдрал бүхий гариг байх магадлал илүү өндөр гэж үздэг.
Alpha centauri нь A ба B гэсэн 2 ихэр нарны систем юм. Харин манай систем бол НАР гэсэн 1 одны систем. Alpha centauri A нь тухайн нарны аймгийн хамгийн том од нь бөгөөд гэрлийн цацаргалт манай нарны цацаргалттай ойролцоо буюу 1,52 дахин их, жин нь манай нартай бараг адилхан буюу 1.1 дахин их. Химийн найрлага нь бас бараг ижил гэж үздэг. Нас нь ~ 5 тэрбум. Манайхтай бас л ойролцоо. Тиймээс хүмүүс тэнд манай дэлхийтэй төстэй гариг байгаа гэж таамагладаг. Хэрэв гариг байвал манай ардын аман зохиол эрхий мэргэн үлгэр буюу хараацайн домогт гардаг шиг 7 биш ч гэлээ ямар ч гэсэн 2 нартай байнаа гэсэн үг. 
Гэхдээ асраномчид Alpha centauri B орчинд дэлхийтэй төстэй амьдрал байх гариг байх магадлал өндөртэй гэж үздэг. Учир нь нарны масстай илүү ойролцоо (0,93 нарны масс) бөгөөд гадаргын темпратур нь 5300K тул цацаргалт нь манай нарнаас 50% бага байдаг нь энэ одны аймагт амьдрал үүсэх нөхцөл нь илүү өндөр. Мөн нас нь урт.
Одоогоор хүн төрөлхтөн Alpha centauri-д ямар ч гариг олоогүй байгаа!
Alpha centauri нь (A B хоёул) ~4,34 гэрлийн жилийн алсад байрлах (ямар нэг массгүй фотон 4,34 жилийн дараа очно гэсэн үг) ба одоо бидэнд байгаа технологиор дор хаяж 150 000 жилийн дараа хүрэх газар юм. Магадгүй antimatter зэрэг технологийг хүмүүс эзэмшээд, хэрэглээнд оруулж чадах юм бол хэдхэн 10 жилийн дотор очих хөлөг нээчих л байх л даа. Гэвч энэ зөвхөн бидний одоо хэрэглэж байгаа онгоц, машин үйлдвэрлэж байгаа техникийн хүчээр шүү дээ. Тэгвэл шал өөр өнцгөөс буюу Wormhole зэргийг нарийн судлаад дэвшилт олбол тийм удаан ч биш хэдхэн сарын дотор ч хүрэх боломж гаргаад ирэхийг үгүйсгэх аргагүй.
Одоогийн байдлаар санхүүгийн асуудлаас болоод тодорхойгүй хугацаагаар хойшилсон NASA-гийн Terrestrial Planet Finder төсөл Infrared interferometer ашиглан телескопоор амьдрал байх боломжтой гаригуудыг хайж судлахаар төлөвлөсөн төлөвлөгөөний хамгийн эхэнд Alpha Centauri явдгийг та бүхэн дээр холбоосоор ороод мэдчих боломжтой.
Posted in Сонирхолтой сэдэв | 3 Comments »
February 23rd, 2010
Өнөөдөр санаадгүй ийм мэдээ уншаад элэг хөших шахав. Ийм солир ч гэж хаа байхав дээ. Хадаг тавиад өрөөндөө аваачин шүтсэн ч гэх шиг. Сүүлийн үед иймэрхүү юм уншиж сонсохоор уур нэлээн хүрдэг болоод байгаа нь юутай холбоотой юм бүү мэд. За шалдар булдар юм ч яахав. Сансраас унасан хог шүтэж байхад цаана чинь америкчууд тэр хогийг чинь хэр хөрөнгөөр яаж хөөргөж яаж судалж яах гээд судлаад байгааг дуулгая даа.
1969 оноос хойш хүмүүс саран дээр хүнтэй хүнгүй хөлөг хөөргөн ихэд судалсан бөгөөд ус байхгүй хуурай хэмээн нотолж байсан боловч нэлээн хэдэн жилийн өмнөөс сарны дурангийн судалгаагаар саран дээр ус мөс хэлбэрээр байгаа гэж таамаглах болж гурван ч хиймэл дагуул бие биенээсээ хамааралгүйгээр сарны 3 өөр газраас ус мөсний мөр олсон гэгдсэн бөгөөд түүнийг бодитоор батлахаар өнгөрсөн оны 6 сарын 18-нд амеркчууд флорида мужаас LCROSS (Lunar Crater Observation and Sensing Satellite) хэмээх 79 сая долларын төслийнхөө хүрээнд 2 хөлөг хөөргөсөн билээ. Үүнийг science сэтгүүлээс эсвэл гүүглээс хялбархан мэдэж болно.
За ингээд LCROSS ба LRO хөлөгт 2 тонн жинтэй пуужин тус тус үүрүүлж хөөргөсөн бөгөөд хөлөгт судалгааны хэрэгслүүд болон тус бүр 5 камер байрлуулсан байна. Ингээд 2009 оны 10 сарын 9-ний өдөр улаанбаатрын цагаар 20:30 үед үүрүүлсэн 2 пуужингаараа сарны урд туйлыг 9000 км/ц хурдаар бөмбөгдсөн байна. Үүний зорилго нь сарны урд туйлд -240 хүртэл хэмийн хүйтэн бөгөөд олон сая жил нарны гэрэл тусаагүй цэгийг (Cabeus A) мөс агуулж байх хамгийн өндөр магадлалтай хэмээн үзэж түүнийг бөмбөгдөн 50 км өндөр тоосон үүл үүсгэж тэрхүү тоосыг шинжлэх байлаа. Төсөл ч яг төлөвлөсөн дагуу болж 10 км диаметр бүхий 50 км орчим өндөр тоосон үүл үүссэн бөгөөд судалгааны дүнгээр 2009 оны 12 сард саран дээр ус байгаа гэдгийг бүрэн нотолсоноо NASA мэдэгдсэн билээ. За ус байдаг л юм байгаа биз, яах гээд ингэж их хөрөнгө гарган сарыг сонирхоно вэ?
Хэрвээ саран дээр ус байхыг баталчих юм бол хүмүүс сарыг дор нь колончлох боломжтой болох юм. Сарыг колончлоод ямар ашигтай гэж?
1. Саран дээр Helium-3 хэмээх дэлхий дээр маш ховор байдаг бодис агуулсан эрдэс асар их хэмжээгээр байдаг байна. Энэ нь цөмийн нэгдлийн (kernfusion) хүчээр асар их энерги байгальд ямар ч хоргүйгээр энерги гаргах боломжтой болох ба хүн төрөлхтөн өнөөг хүртэл тийм механизм байгуулж чадаагүй тул итгэхэд бэрх. Гэвч атомын цахилгаан станцад хэрэглэсэнээр байгальд ямар ч хорт хаягдал гаргахгүй энерги үйлдвэрлэх боломжтой болох юм. Үүний тулд тэрхүү түүхий эдийг дэлхий рүү зөөвөрлөх бөгөөд оронд нь хүчилтөрөгч, устөрөгч болон үйлдвэр барихад шаардлагатай зүйлсийг сар руу зөөвөрлөнө. Энэ нь эдийн засгийн хувьд алдагдалгүйгээр барахгүй ашигтай гэдгийг эдийн засагчид батлаад байгаа.
2. Ашигт малтмал олборлох боломжтой. Энэ олборлолтонд зориулсан машин механизмыг загварчлах уралдаан намайг энд оюутан байхад (2004/5 оны үед) NASA-гаас 500 000 $ шагналтайгаар зарлагдаж байсан. Мөн түүнтэй төстэй уралдаан германд ч SUN corporation-оор дамжин зарлагдаж байсныг санаж байна.
3. Сарны туйл дээр бараг байнга нар тусдаг байршлууд байдаг бөгөөд мөн саран дээр нарны цахилгаан үүсгүүрт шаардлагатай бүх түүхий эд байгаа нь батлагдсан. Ингэснээр нарны цахилгаан станцаар саран дээрх бүтээн байгуулалтыг хийх боломжтой.
4. Устөрөгч илрүүлснээр саран дээр үйлдвэрлэл явуулж тэндээс дэлхий рүү хөлөг илгээх боломжтой болно. (Энэ нь л ус илрүүлэхийг гол түлхүүр болов уу)
5. Дэлхий дээр туршихад бэрхшээлтэй төслүүдийг турших боломжтой болно.
6. Хүмүүс саран дээр суурьшиж эхэлснээр жингүйдлийн орчинд бүтээн байгуулалт хийх болон амьдрах талаар туршлагатай болж цаашдын гариг эрхэс рүү зочлоход дөхөм болно.
7. Марс руу очих суурийг бүрдүүлж сансрын хөлгийн хамгийн том цэнэглэгч, энергийн хангамжтай буудлыг байгуулах болно.
8. Дэлхийтэй шууд харилцах утсан харилцуур байгуулах боломжтой. Үүний тулд сарыг тойрсон олон хиймэл дагуул хөөргөх эсвэл L2-Lagrange-Point дээр байрлах нэгэн хиймэл дагуул хөөргөхөд хангалттай бөгөөд нэг их удаашралгүйгээр утсаар харилцан ярилцах боломжтой.
За мань яаж мэдэхэв цаашаа олон эерэг талууд, сөрөг ч талууд байгаа биз. Гэсэн ч ямар ч гэсэн 2024 он гэхэд хүн суурьшин ажиллах боломжтой болгоно гэж зарлагдаад байгааг нь харж л байя даа. Тэр болтол амьд мэнд явж л байх байлгүй. 2024 больёо гэхэд 2030-д боломжтой болчих ч юм билүү.
Би уг нь багадаа одон орон судлалд маш дуртай байлаа. Тэгээд л 9-д орохоосоо өмнө их гоё зурагтай Астраноми гэсэн номыг бараг бүгдийг уншчихсан их л додигор амьтан 9-д орсон чинь тэр хичээл програмаас нь ор тас хасагдаад одон оронч болох мөрөөдөл талаар болсон юм даг. Энэ талаар манай улс анхаарах чадалтай байсан бол найдвартай одон оронч болох байсан байх. Гэхдээ програм хангамжийн инженер болсондоо одоо харамсдаггүй ээ.
За үг олдож үхэр холдох нь програмаа бичье. Ажил их байна.
Дэлхийн нөгөө захад иймэрхүү зүйл хийгдэж байхад манайд тэдний 50 жилийн өмнө хөөргөсөн сансрын хөлгийн хогийг нь шүтээд сууж байгааг хараад тэссэнгүй энэ бичлэгийг шивчихлээ.
Posted in Ерөнхий | 4 Comments »
February 19th, 2010
Сүүлийн үед монголд залуучууд Үбүнтү (Ubuntu) гэж овоо ярьж бичдэг болжээ. Гэхдээ харамсалтай нь Wubi хэрэглэж суулгаж ашиглаад магтаад байх юм. Энэ бол ёстой хэрэггүй, бүтэхгүй эд. Учир нь Wubi-гээр суулгасан Ubuntu үйлдлийн систем виртуал файлын системээр ажилладаг! Хялбархан хэлбэл Виртуал машинаас сүртэй ялгарах зүйл байхгүй. Файлын системээ виртуал файл системээр суулгадаг. Эхлэхдээ асар уднаа гэсэн үг. Диск имежээ задлаж тавиад дэлгэж уншинаа гэсэн үг.
Мөн ямар нэг кернел эсвэл системийн шинэчлэлт хийхэд асуудал гарах магадлал өндөр. Учир нь Виндовс эхлүүлэгчид Үбүнтү цөмөө зааж өгдөг. Гэтэл Үбүнтү өөрөө стандартаар GRUB booter ашигладаг тул шинэчлэл хийсний дараа тооцоолуур тань эхлэхгүй байхад гайхах зүйл байхгүй.
Виндовс дээр ингэж суулгасан Үбүнтү-гээс Үбүнтү дээрээ виртуалбокс (Virtual box) суулгаад тэр дотроо виндовс суулгаад ажилласан нь илүү хурдан байх болно!
Мөн энэ дашрамд ам нээсэн дээрээ нэг зүйл хэлчихэд энгийн хэрэглэгчид Линүкс ашиглахад вирустэнэ гэсэн зүйл байхгүй амар мэт ойлгоод байх шиг байгаам. Үгүй ээ, вирустэхийн хувьд вирустэнэ. Линүксд зориулж бичсэн вирус одоо эрчимтэй нэмэгдэж байна. За ингээд хэлчихээр хүмүүс бас за за ялгаагүй зөндөө линүкс вирус гараад ирэхээр виндовсоос ялгаагүй гацаж гөлийгөөд явуургүй болох эд байна гээд унадаг. Бас ийм бишээ, вирустэх нь гайгүй! Линүкс кернел, файл систем зэрэг нь маш сайн програмчлагдсан! Тиймээс виндовсынх шиг олон вирус гарч ирэхэд тун хэцүү бөгөөд гараад ирлээ гэхэд рүүт эрхээр ажиллаагүй тохиолдолд үндсэн системд сүртэй аюул учруулж чадахгүй. Ямар ч гэсэн монголд хамгийн өргөн дэлгэр болсон форматлах гэдэг асуудал бол бараг гарахгүй дээ. Миний энэ муу навсгар лаптоп дээр Hardy Heron 2008 оноос хойш л явлаа. Форматлах хэрэг гарсангүй өдий хүрлээ дээ.
Posted in Линүкс | 2 Comments »
February 14th, 2010
За та бүхэн сайхан шинэлэж байна уу. Би битүү сартай өдрөө сайхан битүүрч байна. Төрдөө тэрсэлсэн юм биш, түмэн олондоо буруу санасан ч биш, Тэрбиш гуай болон бусад зурхайчдыг муучъля ч гэсэнгүй. Зүгээр л 21-р зуунд амьдарч байгаа юм болохоор сар өнөөдөртөө хаана ямар байдалтай байгааг нагацтайгаа хамт онлайн камераар интерактив хараад сууж болж байгаа тул ийнхүү шийдсэн юмаа. Нөгөө талаас Германд байгаа болохоор заавал зон олныг дагах хүнд шаардлага шахаас гарсангүй.
Мөнхүү одон орон судлалаас Баяраа гэдэг залуу http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1167735 нийтллийг бичсэн нь ихэд таалагдлаа, сайшааж байна. Одон орон судлаач, мэргэжлийн хүн болох энэ залуу 2 жилийн өмнөөс сар шинийн үеэр миний бичдэг энэ сэдэвтэй маань тун төстэй, утга нэг сайхан нийтллийг бичсэнд туйлын баяртай байна. Ингэж дуугарах мэргэжлийн шинжлэх ухаанч хүн хэрэгтэй байсан юм.
Тэрбиш гуай болон бусад зурхайчдыг муулж байгаа юм биш шүү. Та бүхэн маань тэр зурхайгаа залуу үедээ зааж сургаад, жаахан нээлттэй болгоод, авах гээхийн ухаанаар хоорондоо зөвлөлдөөд шийд шийдвэрээ гаргаад явдаг бол сайхансан.
Монголчууд бид шинжлэх ухаанд итгэх болоогүй гэж үү?
Posted in Юм юмнаас | 3 Comments »
February 13th, 2010
За цагаан сарын маргаан тойрсон асуудалдаа орж тэмдэглэлээ хийе дээ. Хүн гэдэг мартахдаа тун хурдан амьтан. Тэгэхээр жилийн жилд маргаан болдог энэ асуудлыг бүгдээрээ зүгээр л ажиглаад явцгаая гэсэн зарчмаараа энэ жилийн ажиглалтаа бичье.
За уржнан жил http://www.badral.net/index.php?/archives/53-unknown.html хаягт бид 2008 оны 2 сарын 7-нд битүүрч 2008 оны 8-нд шинэлэж байжээ. За тэгээд Тэрбиш зурхайчаа магтан дуулж яг зөв шинэллээ гэж баяссан байгаа юм. Бидний ажиглалт хийж эхэлсэн цэг бол тэр. Биднийхээр бол ажиглалтын 1-р он. 
Дараа жил нь илүү сартай жил та минь гээд 13 сарын дараа буюу http://badral.net/index.php?/archives/104-unknown.html 24-нд битүүрч 25-нд шинэлсэн байх юм. Өмнөх ажиглалтын 1-р онтойгоо харьцуулахаар 1 өдрийн өмнө шинэлсэн болж таарав. Хятадууд илүү сар гарахыг мэддэггүй юм байлгүй ямар ч гэсэн 1 сард шинэ жилээ тэмдэглэчихсэн байлаа.
За өнөөдөр 2010 оны 2 сарын 13. Энэ жил бид өнөөдөр битүүрч байна. Маргааш буюу 2010 оны 2 сарын 14 шинийн нэгэн гээд байгаа. Аан бас болоогүй 15-нь ч шинийн нэгэн гэсэн. Шинэ сар бол 2 сарын 14-ний 10:52 гарч байх юм. (0 буюу Сар битүүрч байнаа гэсэн үг. Яагаад гэвэл дараад уншина уу. ) Тэгэхээр 2008 оны буюу бидний ажиглалтын 1-р онтой харьцуулбал бас л ноднин жилийнх шиг бид 1 өдрийн өмнө шинэлэх болоод байна даа. За хөөрхий тэгэхээр 2008 онд бид буруу шинэлсэн болж таарах нь дээ?
Гэхдээ юмыг яаж мэдэхэв бүгдээрээ ажиглаад л шинэлээд явж байя даа. Ирэх жил яах юм бол доо. Ирэх жил их сонирхолтой зүйл гарч ирнэ. Учир нь бид дэлхий маань нараа 365.2422 хоногт тойрдог бөгөөд 12 сарыг жил гэж үздэг нь үнэн бол бидэнд хугацаа/сарын хувьд илүүдэл гарахаас дутагдал гарахгүй. Тэр илүүдлийг нь монгол зурхайд цуглуулж байгаад 4 жил дотроо нэг сар оруулаад нэмчихдэг юм гэсэн. Тэр нь өнгөрсөн жил буюу 2009 онд тохиочихсон тул ирэх жил 3 сарын 5-ны улаанбаатрын цагаар 04:46-д битүүрэх 0 сараар битүүрч 3 сарын 6-нд шинэлэх болно. Харин өнгөрсөн 2 жилийнх шиг гэвэл 3 сарын 4-нд битүүрээд 5-нд шинэлэх байх. (яахав 1 хоногийн зөрүү л яваад байгаа.)
Гэхдээ манай зурхайчид 3 сар их орой байна гээд 1 сар хасахгүй нь лавтай. Харж л байя даа.
Posted in Ерөнхий | No Comments »
January 26th, 2010
Өнгөрсөн жилийн 12 сарын 1-нээс өөр байранд нүүн орсон тул шинэ байрандаа интернет тавиулах хэрэг гарав. Ингээд интернетээр хайж байгаад хамгийн сайн техник болон хамгийн өндөр хурдыг хамгийн хямдаар санал болгосоноор нь 1und1 -н VDSL 50000 холболтыг 11 сарын 17-нд захиалав. Гэтэл 12 сарын 15 хүртэл чимээ байдаггүй утсаар лавлатал манай байранд 50000 тавих боломжгүй юм байна зөвхөн 16000+ тавих боломжтой гэж байхын. Хэр хурдан тавьж чадах вэ гэтэл дейчэ телекомийн шугам ашигладаг тул 2-3 долоо хононо гэж байхын. За тэгвэл би өөрөө Телекомтойгоо яръя даа гээд захиалгаа болиулаад, 12 сарын 27-нд дургүй ч гэсэн Телекомтой ярьлаа. Ингээд мөн л VDSL 50000 боломжтой бөгөөд 1 сарын 8-нд тавьчихна гэх юм. Телеком ч хэлсэндээ хүрлээ. Үнэхээр VDSL 50000-г хэлсэн хугацаандаа тавиад өгчихлөө. Харин тэдний Рүүтэрийг би аваагүй юм. Оронд нь өөрөө AVM Fritzbox! 7390-ыг захиаллаа. Гэтэл энэ нь үйлдвэрээсээ гарч өгдөггүй түр зээлийн Рүүтэер авч тавих гэсээр өчигдөр интернетэд холбогдов. Бөөн бөөн баяр.
Интернетээр бүх шилжүүлэг гүйлгээ, наймаа гээд хамаг ажлаа хийдэг байсан тул бараг 2 сар интернетгүй баларлаа. Энэ хооронд bolorcms.com нэрийн маань хугацаа дуусаад борлуулагч нь нөөцөлчихсөн байсан тул блогоо bolorcms.com/badaa хаягт цааш хөтлөх боломжгүй болсон тул badral.net гэсэн нэр авч хөтөлж эхэллээ.
Өнгөрсөн оны сүүлээр ажил мэргэжлийн тал дээр ч, хувийн амьдралын тал дээр ч ачаалал асар их байлаа.
Одоо блог тэмдэглэлээ хөтлөөд явахыг хичээхээс.
Posted in Ерөнхий | 2 Comments »
November 16th, 2009
Posted in Сонирхолтой сэдэв | 1 Comment »